logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Экспортын гаалийн татвараа нэмсэн гэх мэдээлэл ор үндэслэлгүйг БНХАУ-ын ЭСЯ анхааруулав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 15 09:00
    350

    Зургийг: chinadaily.com

    БНХАУ экспортын барааны гаалийн татвараа нэмсэн гэх цахим орчинд тархаад буй мэдээлэл ор үндэслэлгүй гэдгийг Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.

    Хоёр улсын хооронд экспорт, импортын тариф тогтоохдоо Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталдаг бөгөөд Монгол Улс, БНХАУ хооронд энэ төрлийн хэлцэл шинээр хийгээгүйг Эдийн засаг, хөгжлийн яам тодотгов. Харин БНХАУ-ын талаас дотоодын аж ахуйн нэгжүүдэд тавих татварын хяналт, шалгалтаа сайжруулах зорилгоор орлогын албан татварыг ил тод мэдээлэх талд тодорхой журмын өөрчлөлт хийсэн нь аравдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн аж.

    Хэрхэн чангатгав?

    БНХАУ энэхүү журмын өөрчлөлтөөр экспортлогчид, худалдаа зуучлалын компаниуд гуравдагч этгээдийн баримт бичиг ашиглан бараа бүтээгдэхүүн экспортолдог олон жил хадгалагдсан практикийг халж, гаалийн бүрдүүлэлтийн ил тод байдлыг сайжруулахаар зорьсон байна. Үүний тулд аж ахуйн нэгжүүдийн “бие даасан экспорт” болон “итгэмжлэгдсэн экспорт"-ын ангиллын ялгааг нарийн тодорхойлсон бөгөөд “итгэмжлэгдсэн экспорт" хийхэд итгэмжлэгч талын экспортын орлогыг татварын мэдүүлэгт бүрэн тайлагнахыг шаардахаар тусгажээ.

    Үүнээс өмнө экспортын зөвшөөрөлгүй, гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй жижиг аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчид зуучлагч агентуудаас гуравдагч этгээдийн баримт бичиг худалдан авах аргаар гадаадад бараа, бүтээгдэхүүнээ экспортолдог байсан аж. “Саарал бүс”-д ийнхүү худалдаа хийснээр бодит экспортлогч ба гаалийн бүрдүүлэлт хийсэн экспортлогчийн нэр зөрөх, татвараас зайлсхийх, гадаад валютын зөрчил үүсэх зэрэг асуудал гардаг байсныг “China Briefing” мэдээлсэн байна.

    Харин дээрх журам хэрэгжсэнээр зуучлалын орлого дээрээ НӨАТ-ын буцаалт, Засгийн газрын татаас зэргээр нэмэлт орлого олдог байсан агентууд хуулийн цоорхойг ашиглах боломжгүй болж байна.

    "Тиймээс алдагдсан орлогоо нөхөхийн тулд тэд худал мэдээлэл тараах, Монголын талд үзүүлж буй зуучлалын хөлсөө нэмэгдүүлэх зэрэг тохиолдлууд гарч байгаа"-г Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих