
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
“Microsoft” компани аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн "Windows 10" үйлдлийн системийн дэмжлэгээ зогсоох тул тус үйлдлийн системтэй компьютерүүдэд программ хангамжийн шинэчлэл, аюулгүй байдлын сайжруулалтууд дахин хийгдэхээргүй болж байна.
Тус компанийн зүгээс хэрэглэгчдийг "Windows 11" үйлдлийн систем рүү үнэгүй шилжихийг уриалж буй ч хүчин чадлаасаа хамаараад бүх компьютер шинэ үйлдлийн систем рүү ахих боломжгүй байх юм. Хэдий тийм боловч хэрэглэгч компьютерын тохиргооныхоо "Update & Security" хэсэг дэх "Extended Security Updates" схемд бүртгүүлбэл 2026 оны аравдугаар сар хүртэл аюулгүй байдлын чухал сайжруулалтууд хүлээн авах боломжтой аж.
"Windows 10"-ийн хамгийн сүүлийн үеийн хувилбар ашиглаж буй хэрэглэгчдэд энэ үйлчилгээ үнэгүй бол байгууллагуудад төхөөрөмж бүрд 61 ам.долларын үнэтэй байх юм байна.
Дэлхий даяар 1.4 гаруй тэрбум төхөөрөмжид "Windows" үйлдлийн систем ашиглагдаж байгааг “Microsoft” мэдээлж байв. 2025 оны долоодугаар сарын байдлаар тэдгээрийн 43 хувь нь "Windows 10" үйлдлийн систем ашиглаж байсныг “Statcounter”-ийн статистик харуулж байна.