
Зургийг: Bloomberg TV Mongolia
- Монгол Улсад, ялангуяа Ховд аймгийн Булган сумын нутаг дахь цагаан будааны туршилтын тариалалтын талбайгаас эхний ургацаа амжилттай хураан аваад байна. Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй БНСУ-ын Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын “KOPIA Монгол” төв нь ХХААХҮЯ-тай хамтран цагаан будааны туршилтын тариалалт хийсэн. Ер нь цагаан будаа тариалъя гэдэг төслийн санаа анх хаанаас, яаж гарав. Яагаад Ховд аймгийг сонгох болов. Цагаан будааны тариалалт амжилттай болж байгаагийн нэг шалтгаан нь Ховд аймгийн газар зүйн байршил хамаарсан уу?
- Эн тэргүүнд урьсанд баярлалаа. Би БНСУ-ын Засгийн газрын агентлаг болох Хөдөөгийн хөгжлийг дэмжих газарт цагаан будааны судлаачаар ажилладаг байсан. Үүний дараа “KOPIA Монгол” төвд Захирлаар томилогдсон. Монголд ирсний дараа ямар ч ойлголтгүй, мэдээлэлгүй байсан. Ирээд үзэхэд монголчуудын цагаан будааны хэрэглээ маш өндөр, жилээс жилд нэмэгдэж байгаа хэдий ч дотоодын үйлдвэрлэл байхгүй 100 хувь импортын хамааралтай байсан. Тиймээс өөрөө цагаан будааны мэргэжилтэй хүн учраас өөрт байгаа туршлага мэдлэгээ Монголд нутагшуулбал тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой юм гэсэн бодлоос цагаан будаа тариалах туршилтаа эхлүүлсэн.
2023 оноос эхлэн өмнө нь тариалагдаж байсан, тариалагдах боломжтой гэсэн хэд хэдэн аймагт очиж ус, цаг агаар, хөрс зэрэгт дээж авч суурь судалгаа хийсэн. Үүний үр дүнд цагаан будаа ургах боломжтой, дулааны нийлэмж, хөрс, ус нь хамгийн тохиромжтой нь Ховд аймаг байсан. Тиймээс Ховд аймгийг сонгосон.
- Энэ жилийн хувьд туршилтын тариалалтаа эхлүүлсэн нь өндөр үр дүнтэй ургасан байна. Тиймээс төслийг ирэх жилээс эхлүүлнэ гэж ХХААХҮЯ мэдээлсэн. Дараа жилээс төслийг эхлүүлэхдээ одоогийн 5.3 га талбайдаа тариалалтаа хийх үү. Туршилтын талбайн нэг га-гаас 6-8 тонн цагаан будаа хурааж авах тооцоолол гарсан байсан. Төслийг хэрэгжүүлж эхлэхэд ямар тооцоололтой байгаа вэ?
- Энэ жилийн албан ёсны мэдээлэлд 5.3 га газарт цагаан будаа тариалсан гэсэн мэдээ байгаа. Гэхдээ дангаараа хийгээгүй, Монголын “Жи Ай Эм И Икс” ХХК-тай хамтран цагаан будаа тариалсан. Манай хариуцсан туршилтын талбай болох 0.3 га-д Солонгосын гурван сорт, Хятадын нэг сорт нийт дөрвөн сортыг харьцуулан тариалсан. Үлдсэн тав орчим га газарт “Жи Ай Эм И Икс” компани хятад үрээр тарьсан. Бид бүхэн энэ жил энэхүү туршилтыг харьцуулаад хамтарч хийсэн гэж ойлгож болно. Ирэх онд бид бүхэн албан ёсны төслөө эхлүүлж байгаа. Тиймээс бидний зүгээс туршилтын талбайгаа томруулаад 1-2 гад тариалах төлөвлөгөөтэй байна. “Жи Ай Эм И Икс” компани мөн энэ жилийн туршилтын талбайгаа өргөжүүлэх асуудалд яриа хэлэлцээрийн шатанд явж байна. Мэдээж энэ жилийн туршилтын талбайгаа томруулах болно.
Үүнээс гадна энэ онд анх удаа хийсэн учраас алдаа дутагдал, эрсдэл маш их гарч байсан. Тэрхүү асуудлуудаа шийдээд манай төсөл эхлэх болно. Төсөл нь гурван жилийн хугацаатай байдаг. Тиймээс жил бүр тогтмол үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг.
- Сонгож авсан сортын үрүүдээ харьцуулахад Монгол Улсад хамгийн тохиромжтой нь аль нь байна вэ. Монгол Улсын хувьд цагаан будааг 100 хувь импортолж байгаа. Монголчууд маш олон төрөл, сортын цагаан будааг өдөр тутмын хоол, хүнсэндээ хэрэглэж буй. Цагаан будааны сортын талаар нарийн ойлголт харьцангуй бага. Өнөөдөр монголчуудад хамгийн тохиромжтой, Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон будааны сорт байна уу?
- Монгол Улсын зах зээлд борлуулагдаж буй цагаан будааг хоёр төрөлд ангилж болно. Урт нарийхан буюу монголчуудын жасмин гэж хэлдэг будаа байна. Нөгөөх нь бид бүхний сайн мэдэх жапаника буюу богино бөөрөнхий хэлбэрийн хоёр сортын будаанд ангилагдаж байна. Гадуур яваад танилцаад үзэхэд чанарын үнэлгээ, эсвэл нэгдсэн байдлаар үнэлж байгаа үнэлгээ байхгүй, зохицуулалт бага байгаагаас үүдээд маш олон төрлийн будаа борлуулагдаж, хүмүүс хэрэглэж байгаа нь тогтсон стандарт байхгүйг харуулж байна. Энэ нь хүнсний аюулгүй байдал, ард иргэдийн аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа учраас нэгдсэн байдлаар чанар сайтай эрүүл хүнсийг монголчууд хэрэглэх нь чухал асуудал болоод байгаа. Ийм ч учраас бид энэхүү туршилтыг эхлүүлсэн. Өмнө хэлсэнчлэн солонгосын гурав, хятадын нэг сортын цагаа будаа тариалснаас солонгос нэг сорт нь амжилттай ургасан. Энэхүү сортын онцлог нь юу байсан гэхээр болц нь маш хурдан байсан тул монгол шиг эрс тэс, эрт хүйтэн болдог уур амьсгалтай оронд хүйтрэхээс өмнө болц нь гүйцэх боломжтой байсан. Мөн БНСУ-ын хамгийн хүйтэн бүсэд гаргаж авсан буюу хүйтэн цаг агаарт тэсвэртэй сорт байсан. Энэ сорт амжилттай ургасан. Мэдээж хэрэг ургуулахын тулд олон сорт туршсан л даа. Түүн дотроос будааг сайн хурааж авахын тулд тарихаасаа илүү тарьсан будаа түрүү сууж, будаа гарч ирж байж үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Энэ нь хамгийн чухал асуудал байсан. Энэхүү сорт хүйтэн орчинд тэсвэртэйгээс гадна өдрийн уртад мэдрэг бус сортыг сонгож авч амжилттай тариалсан.
- Танай байгууллага Монголын компанитай хамтарч байгаагаа дурдсан. Зах зээлд худалдаалагдаж буй цагаан будааны үнийг харвал хямдаас эхлээд нэг кг нь 20-30 мянган төгрөгийн үнэтэй нь ч байна. Та бүхний хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хураан авсан цагаан будааны үнэ өртөг ямар байх вэ. Хөрөнгө оруулалтаа хэдий хугацаанд нөхөх тооцоололтой байна вэ?
- Энэ жилийн туршилтын хувьд Монголд ургах боломжтой гэдгээ баталж харуулсан нь маш том амжилт. Цаашид олон жил тогтвортой, аюулгүй байдлаар үйлдвэрлэл явуулахын тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа. Дэд бүтэц нь үндэсний хэмжээний том асуудал тул зөвхөн компани болон манай байгууллага хоорондоо хамтраад шийдэж чадахгүй. Заавал Төр засаг, яамдын оролцоо, хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байна. БНСУ ч гэсэн тутаргын талбайны бүтцээ байгуулахын тулд Төрөөс маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан. Нэг хөрөнгө оруулаад дэд бүтэц нь сайн болбол 100, 200 жил урсгал зардлаа өөрөө нөхөж, ашгаа олдог салбар юм.
- Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цагаан будааны импорт, нийлүүлэлтэд олон улсын зах зээлд олон асуудал үүсэж байна. Сүүлийн жишээг харвал Японд дотоодод нь үнэ өссөний улмаас тус улс анх удаа БНСУ-аас цагаан будаа импортолсон. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цагаан будааны зах зээлд нийлүүлэлтийн сүлжээнд ямар эрсдэл үүсэхээр байна вэ?
- Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор олон улсын зах зээлд хөдөө аж ахуйн салбарт маш олон өөрчлөлтүүд гарч байна. Монголын жишээн дээр яривал дэлхийн дундаж дулаарлын хэмжээ бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Дэлхийн дундаж 0.7 хэм байгаа бол Монгол Улсад 2.5 хэм буюу маш эрчимтэй халалт үүсэж байгаа оронд тооцогдож байна. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт дан сөрөг хүчин зүйлс бус эсрэгээ эерэг нөхцөлийг бүрдүүлж байж болох юм. Учир нь цагаан будаа дулаанд маш мэдрэг тул Монгол Улсын цаг агаар дулаан болох тусам тариалах боломж өндөр болно. Миний ажигласнаар Монгол Улс зах зээлийн хувьд уул уурхайгаас өндөр хамааралтай байгаа. Тиймээс цаашид хөдөө аж ахуйн салбараа өргөжүүлэх боломжтой гэж харж байна.
Үүнээс гадна Ховд аймаг болон Монгол орны хэд хэдэн бүсэд нарийн судалгаа хийгээгүй байгаа хэдий ч цагаан будаа болон бусад таримал тариалах өргөн боломжтой. Тэгэхээр илүү нарийн судалгаа хийж, хөгжүүлбэл Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой.
Монголчууд жилд 50 мянган тонн цагаан будаа хэрэглэдэг. Дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна хоёр хөрш рүүгээ ч экспортлох боломжтой. БНХАУ-ыг цагаан будааны хомсдол үүсэхээргүй орон гэдэг буруу ойлголт байдаг. Үнэндээ БНХАУ жил бүр цагаан будааны хомсдолд ордог, гаднаас их хэмжээний цагаан будаа импортолдог. Энэ нь монголчуудын хувьд том зах зээлд нэвтрэх, эдийн засгаа төрөлжүүлэх боломж гэж харж болох юм.