logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ, БНХАУ-ын худалдааны дайн дахин эхлэх эрсдэл үүсэж, Хятадын зах зээлийн өсөлтөд заналхийлж эхлэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 13 09:40
    1228

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Бээжин, Вашингтоны хооронд худалдааны дайн дахин эхлэх шинжтэй болсон нь БНХАУ-ын хувьцаануудын энэ оны цойлсон өсөлтийг үрэн таран хийж, юанийн ханшийг доош татахаар заналхийлж эхэллээ.

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан тарифыг “асар их” дүнгээр өсгөхөө анхааруулсны дараа дэлхийн хувьцаанууд, түүхий эдүүд цохилт амссан. Тэрбээр хожим дээрх мэдэгдлээ тодруулж “11 дүгээр сарын нэгнээс эхлэн БНХАУ-д 100 хувийн тариф тогтоох, мөн нэн чухал программуудын экспортыг хязгаарлах”-аа мэдэгджээ. Өмнөх долоо хоногийн эхээр БНХАУ газрын ховор элементийн экспортоо улам чангаруулсны хариу болгож Дональд Трамп дээрх арга хэмжээг авч буй аж.

    Мэдэгдлийн дараа АНУ-д бүртгэлтэй  БНХАУ-ын хувьцаануудыг дагадаг индекс зургаан хувиар буюу дөрөвдүгээр сард худалдааны зөрчил хурцадсанаас хойших хамгийн өндөр хувиар унасан байна. АНУ-ын компаниудын хувьцаа ч нурж, тэр дундаа хоёр улсын экспортын яриа хэлэлцээний төв цэгт байдаг “Nvidia”-ийн хувьцаа бараг таван хувиар буурав. Хөгжиж буй орнуудын валют суларснаас гадна зэсийн үнэ Лондоны биржид 3.4 хүртэлх хувиар унасан нь мөн онцлох хөдөлгөөн байлаа.

    unnamed.jpg

    Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны харилцаа удаан хугацаанд муудах нь энэ оны хамгийн сайн үзүүлэлттэйд тооцогдож буй БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийг уналт руу түлхэж, цаашлаад БНХАУ-ын хөрөнгө оруулалт татах чадварт дахин эргэлзээ төрүүлэх эрсдэлтэй юм.

    Худалдааны асуудлаар АНУ-тай эвлэрсэн, мөн дотоодынх нь хиймэл оюуны хүлээлт өндөр байгаагаас БНХАУ-ын компаниудын хувьцаа хүчтэй дэм авч, Хонконгийн “Hang Seng Index” 2025 онд 31 хувиар өсөөд буй. Мөн “Alibaba Group”-ийн хувьцааны ханш 100 хувь давж өссөн бол “Tencent Holdings”-ийнх бараг 60 хувь өсжээ. “Hang Seng Index” 2023 он хүртэл дөрвөн жил дараалан унасны дараа БНХАУ-ын хувьцаануудын ачаар сэргэсэн нь энэ юм.

    Гарцгүй нөхцөлөөс

    Хоёр улсын “гал зогсоох гэрээ” нуран унав уу, тэсэж үлдэв үү гэдэг нь тодорхой бус байна. Дональд Трамп баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ “Хэрэв Бээжингээс газрын ховор элементийн экспортоо хязгаарлах төлөвлөгөөгөө буцаавал тарифыг нь нэмэхээ болих боломжтой”-г онцолж байв. Мөн тэрбээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй энэ сарын эцсээр товлосон уулзалтаа цуцлахаар сүрдүүлсэн ч дараа нь үгээ зөөлрүүлсэн юм.

    “Сав л хийвэл өндөр тарифаар сүрдүүлнэ гэдэг БНХАУ-тай учраа олох зөв арга зам биш. Хэрэв АНУ энэ байдлаа үргэлжлүүлбэл БНХАУ хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахын тулд зохих арга хэмжээг эрс шийдэмгий авах болно” хэмээн ням гарагт БНХАУ-ын Худалдааны яамнаас хариу мэдэгдэл гаргажээ.

    unnamed (1).jpg

    Хэдий тийм боловч зөрчил ийнхүү хурцадсан нь Дональд Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг урьтсан хэлэлцээний тактик байж магадгүйг “Lotus Asset Management”-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Хао Хонг хэлж байна. “Хоёр улсын удирдагчдын уулзалтаас хэдхэн долоо хоногийн өмнө ийнхүү байж боломгүй нөхцөл байдал үүссэнээс харвал хэлэлцээрийн үеэр хоёр тал хоёул бүх хөзрөө дэлгэж, асуудлыг одоогийн түвшнээс эхэлж ярихаар төлөвлөж байж магадгүй. Хувьцааны зах зээлийн хувьд худалдааны зөрчил өсөлтөд сэв суулгах ч ерөнхийдөө дээш чиглэсэн хөдөлгөөнийг өөрчлөх магадлал бага” хэмээжээ. 

     

    Dave Sebastian, Tian Chen

    Cэтгэгдэл бичих