logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг ТББХ даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 10 16:35
    279

    Зургийг: parliament.mn

    Аравдугаар сарын долооны өдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьсан юм

    Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар 54 гишүүний гарын үсэг зурсан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдааныг ирэх даваа гарагийн 11.00 цагаас үргэлжлүүлэхээр боллоо. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө УИХ дахь Монгол Ардын намын бүлгийг хуралдуулахаар төлөвлөж буйг бүлгийн дарга мэдээлсэн.

    Үүнээс өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дэд даргад өргөн барихад бэлэн болсныг УИХ-ын гишүүн З.Мэндсайхан мэдээлсэн юм.

    УИХ-ын дарга нүүрстэй холбоотой хэрэгт холбогдсон байж болзошгүй байгаа нь УИХ-ын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд Төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байгаагаа тодотгов.

    Ерөнхий сайдыг огцруулах саналын хувьд Засгийн газрын 55 дугаар тогтоол нь тодорхой этгээдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг дэмжсэн гэж үзэж байгаа аж.

    Засгийн газрын 55 дугаар тогтоолд 2025 он дуустал нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь бүтээгдэхүүнийхээ 25 хувийг Уул уурхайн биржээр арилжаалбал биржийн үнээр тооцож экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ төлөх зохицуулалттай байгаа юм.

    Түүнчлэн огцруулах саналд Ерөнхий сайд Г.Занданшатар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилохоос өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулах тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Мөн  олон нийтэд мэдэгдэл хийхдээ шүүхээр тогтоогдоогүй байгаа албан тушаалтны асуудлыг гэм буруутай мэтээр ярьсан нь үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.

    Cэтгэгдэл бичих