
Зургийг: parliament.mn
УИХ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар 50 гаруй гишүүний гарын үсэг зурсан саналыг хэлэлцэх гэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилохдоо Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулаагүй, мөн олон нийтэд мэдэгдэл хийхдээ шүүхээр тогтоогдоогүй байгаа албан тушаалтны асуудлыг гэм буруутай мэтээр ярьсан нь Үндсэн хууль зөрчсөн явдал гэж тус саналд тусгажээ. Түүнчлэн АМНАТ тооцох аргачлалыг өөрчлөх Засгийн газрын 55 дугаар тогтоол нь тодорхой этгээдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг дэмжсэн гэж үзсэн байна.
Үүний зэрэгцээ Д.Энхтүвшин тэргүүтэй гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал бүхий гарын үсэг цуглуулж байгаагаа зарласан.
Харин УИХ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор хүргүүлсэн Ерөнхий сайдын саналыг хэлэлцэх байсан ч хойшлуулаад байна. Есдүгээр сарын 15-нд эхэлсэн УИХ-ын намрын чуулган 2026 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийж дуусгах товтой байсан ч 2026 оны төсвийн төслийг эргүүлэн татаж алдагдалгүй төсөв оруулж ирэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж буй.