
(Bloomberg) -- Одоогоос хоёр долоо хоногийн өмнө "Nvidia" компани хиймэл оюуны тэргүүлэх стартап "OpenAI"-д бүхэл бүтэн хотыг эрчим хүчээр хангах хэмжээний хүчин чадалтай нүсэр дата төв барих төслөө санхүүжүүлэхэд нь 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр зөвшөөрсөн юм. Тухайн үед энэ хэлцлийг "тойрог хэлбэрийн" шинжтэй гэсэн шүүмжлэлүүд гарч байлаа.
Гэтэл энэ долоо хоногт "OpenAI" улам ахиж, дээрхтэй төстэй өөр нэг хэлцэл хаав. Даваа гарагт тус стартап "Nvidia"-ийн өрсөлдөгч "Advanced Micro Devices" компаниас олон тэрбум ам.доллароор үнэлэгдэх чип авч ашиглахаар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Хариуд нь "OpenAI" компани "AMD"-ийн хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг болохоор тохиролцжээ.
Ашгийн найдвартай эх үүсвэр болох эсэх нь тодорхойгүй технологид ийм их хэмжээний мөнгө ингэж хурдтай зарцуулж байсан тохиолдол өмнө нь гарч байсангүй. Гол нь эдгээр хөрөнгө оруулалтууд эцсийн дүндээ салбартаа тэргүүлэгч "Nvidia", "OpenAI" гэсэн хоёр компанитай л ихэвчлэн холбогдож байна. Тиймээс сүүлийн үед хоёр компанийн байгуулсан гэрээ, түншлэлүүд нь бизнес хэлцлийн нарийн төвөгтэй, харилцан уялдаа холбоотой сүлжээ бий болгож, их наядаар хэмжигдэх хиймэл оюуны тэсрэлтийг зохиомлоор өдөөж байна уу гэсэн болгоомжлол төрүүлэх болжээ. Хиймэл оюуны дэд бүтцийн төслүүдтэй холбоотой өндөр хүлээлт ба нөлөөлөл ганц зах зээлээр хязгаарлагдахгүй. Бонд, хувьцаанаас эхлээд үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч гээд бүхий л салбарт үр нөлөө нь ирэх юм.
Гурван жилийн өмнө хиймэл оюунд хөрөнгө оруулах "халуурал"-ийг эхлүүлсэн "Nvidia", "OpenAI" компани үүлэн технологи, хиймэл оюуны модель хөгжүүлэлт болон бусад чиглэлийн стартапуудтай өндөр дүнтэй, заримдаа өөр хоорондоо давхацсан түншлэл байгуулах замаар энэхүү чиг хандлагыг үргэлжлүүлсээр иржээ. Энэ явцдаа тэд зах зээлийг хэт тэлж, олон компанийн хувь заяаг хооронд нь холбосноор хиймэл оюуны хөөсрөлт үүсгэх эрсдэлийг нэмлээ гэсэн шүүмжлэл дагуулах болов.
Зөвхөн "OpenAI"-ийн "Nvidia", "AMD", "Oracle" компанитай байгуулсан гэрээний дүнг нэмбэл нэг их наяд ам.доллар өлхөн давахаар байна. Гэвч тус компанийн санхүүгийн үзүүлэлтийг харвал бэлэн мөнгөний урсгал нь 2030 он хүртэл эерэг болохгүй төлөвтэй. Харин "Nvidia" 2024 онд 52 удаагийн венчур хөрөнгө оруулалтын хэлцэлд оролцсон бол энэ он гарсаар хэдийн 50 хэлцэл хаагаад буйг "PitchBook"-ийн дата харуулж байна.
"Хэзээ нэгэн цагт хиймэл оюуны хөөсрөлт үүсэж, тэр нь хагарна гэж бодоход "Nvidia", "OpenAI"-ийн энэ хэлцэл анхны үрийг нь тарьсан байх магадлалтай. Байдал хэцүүдвэл тэдний тойрог хэлбэрийн харилцаа л гол шалтгаан болно" хэмээн "Morningstar"-ийн шинжээч Брайан Колелло хэлж байна.
Тойрог хөрөнгө оруулалт гэж юуг хэлээд байна вэ?
"Nvidia"-тай байгуулсан 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээгээ зарласныхаа маргааш нь "OpenAI" АНУ-д дата төвүүд барихад "Oracle"-тай хамтрах 300 тэрбум ам.долларын дүнтэй тусдаа гэрээ хийснээ мөн баталсан юм. Хариуд нь "Oracle" компани "Nvidia"-аас олон тэрбум ам.доллароор дата төвүүддээ ашиглах чип авахаар болжээ. Нэг ёсондоо "Nvidia"-ийн "OpenAI"-д оруулсан хөрөнгийг буцаан олгож байгаа хэрэг.
Үүнтэй төстэй харилцаа энэ онд "Wall Street"-д цахиур хагалагчдын нэг "CoreWeave" компанид мөн ажиглагджээ. Үүлэн технологийн тус компанийн IPO-ийг "Nvidia" дэмжиж, долоон хувийг нь худалдан авсны сацуу 6.3 тэрбум ам.долларын дүнтэй үүлэн технологийн үйлчилгээ худалдан авахаар тохиролцжээ. "Coreweave" нь дэд бүтцэдээ "Nvidia"-ийн чипүүдийг ашигладаг юм. Энэ зуур "OpenAI" нь "CoreWeave"-ийн 350 сая ам.доллартой дүйцэх хувьцааг авч, мөн үүлэн технологийг нь ашиглах гэрээгээ 22.4 тэрбум ам.доллар хүргэн өргөжүүлсэн байна. Ингэснээр "Nvidia", "OpenAI"-ийг улам ойртуулсан ээлжит нэг хэлцэл нь энэ болжээ.
Технологийн салбарын удирдлагууд энэ мэтийн уламжлалт бус бизнесийн харилцаа нь хиймэл оюуны үйлчилгээний эрэлтийг өсгөхөд нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тухайлбал AMD-ийн Гүйцэтгэх захирал Лиза Су "OpenAI"-тай байгуулсан түншлэлээ "өгөөмөр, эерэг цикл" хэмээн магтаж байв. Мөн Вашингтон дахь эрх баригчид тус салбарын үйл ажиллагааг чөлөөтэй байлгаснаар БНХАУ-тай өрсөлдөхөд дэмтэй гэж харж буй. "Өөрсдийнх нь л мэдэх хэрэг шүү дээ" хэмээн Цагаан ордны Хиймэл оюун, криптовалютын газрын дарга Дэвид Сакс "Bloomberg"-т ярьжээ.
Хэдий тийм боловч технологийн салбарыг удаан хугацаанд ажигласан зарим шинжээч, судлаачид дээрх чиг хандлага нь 2000-аад оны дот-комын хөөсрөлттэй төстэй байгааг анзаарснаа хэлж байна.
"1990-ээд оны эцсээр тойрог хэлбэрийн хөрөнгө оруулалт нь стартапууд хоорондын сурталчилгаа, борлуулалтад голчлон ашиглагддаг байсан. Зохиомлоор өндөр өсөлттэй харагдуулахын тулд компаниуд харилцан нэгнийхээ үйлчилгээг худалдан авдаг байлаа" хэмээн Харвардын "Кеннеди" сургуулийн ахлах феллов Пауло Карвао онцолжээ.