
Зургийг: Ore Huiying/Bloomberg
АНУ-ын эдийн засгийн төлөв, Засгийн газар нь санхүүжилтгүй болсонтой холбоотой болгоомжлол алтны үнийн шуургалсан өсөлтөд эрч нэмснээр түүхэнд анх удаа алтны спот ханш унц нь 4000 ам.долларын босго давлаа.
Ердөө хоёр жилийн өмнө 2000 ам.доллароос доогуур үнээр арилжаалагдаж байсан алтны үнэ энэ он гарсаар 50 хувиар өссөн нь энэ. Мөн энэ зуун гарснаас хойш хөрөнгө оруулагчдад хүртээсэн өгөөж нь хувьцааны өгөөжийг ардаа орхиж байна.
Геополитикийн зөрчил, дэлхийн худалдааны тодорхойгүй байдлаас үүдэн аюулгүй хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдсэн нь алтны үнийн өсөлтийн суурь хүчин зүйл болж буй. Түүнчлэн АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хараат бус байдал, төсвийн тогтвортой байдалд эрсдэл учирч болзошгүй нь сүүлийн саруудын өсөлтөд нь томоохон дэмжлэг боллоо.
1970-аад оноос хойш алтны үнэ нэг жилд ингэж эрчтэй өсөж байсан удаа үгүй. Тухайн жилүүдэд дэлхий даяар инфляц эрчимжиж, мөн АНУ ам.долларын ханшийг алтаар баталгаажуулах системээ дуусгавар болсноор шар металлын үнэ 15 дахин өсөж байлаа. “Bridgewater Associates”-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Рэй Далио “Алт өдгөө яах ч үгүй ам.доллароос илүү аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болсон” хэмээгээд, дээд түвшнээ эвдсэн одоогийн өсөлт нь 1970-аад оныг санагдуулж буйг мягмар гарагт Гринвичийн Эдийн засгийн форумд оролцохдоо онцолжээ.
Алтны ханш ерөнхийдөө эдийн засаг болоод улс төрийн өргөн хүрээний тогтворгүй байдлыг дагах хандлагатай байдаг. Тухайлбал: дэлхийн санхүүгийн хямралын дараа 1000 ам.долларын шугамыг сэтэлж байсан бол цар тахлын үеэр 2000 ам.доллар давж, сүүлд энэ оны гуравдугаар сард Дональд Трампын засаг захиргаа тарифын төлөвлөгөөгөө зарласны дараа 3000 ам.доллар хүрч байлаа.
Энэхүү “алтан үе”-д дэлхий даяар алт олборлогч компаниудын хувьцаа дагаад өсөж байгаагаас Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development”-ийн хувьцаа онцгойрч байна. Тус компанийн хувьцааны ханш анх удаагаа 10 канад доллароос дээгүүр түвшинд хаагдсан бөгөөд энэ ханшаа арилжааны сүүлийн зургаан өдөр хадгалжээ.
Өнгөрсөн сард “Баян Хөндий” төслийн алтны олборлолтоо эхлүүлсэн тус компанийн хувьцааны ханш энэ онд 200 гаруй хувийн өсөлттэй байгаа юм. Хэрэв ханш нь одоогийн түвшнээсээ 20 гаруй хувиар өсөх тохиолдолд ханш нь 2007 онд хүрч байсан бүх цаг үеийн дээд цэгтээ хүрэхээр байгаа аж. 2007 оны долоодугаар сард “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш өдрийн арилжааны явцад 12.3 канад доллар буюу бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрч байсан ч эргэн буурч, ес орчим канад долларт арилжааг өндөрлүүлж байв.