
Зургийг: Thomas Tang/Eurasia Sport Images/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- “Real Madrid” клубт хамгийн өндөр дүнтэй гэрээгээр нэгдсэн, улсынхаа төлөө хамгийн олон гоол оруулсан гээд алдарт Кристиано Рональдогийн хөл бөмбөгийн карьер анхдагч бүхнээр дүүрэн. Харин энэ удаа тэрбээр талбайн гадна өөр нэгэн амжилтаар түүхэнд бичигдэж, анхны тэрбумтан хөл бөмбөгчин болж байна.
Европын том клубүүдэд тоглосон 20 гаруй жилийн хугацаандаа тэрбээр “Armani”, “Nike” зэрэг брэндүүдтэй хамтарч, дэлхийн одын статусаа орлогын эх үүсвэр болгож байлаа.
Харин 40 нас хүрч, карьерынхаа төгсгөл рүү хэвийж буй энэ үедээ Кристиано Рональдо дэлхийн хамгийн чинээлэг тамирчдын эгнээнд багтаж байна. Өнгөрсөн зургаадугаар сард тэрбээр Саудын Арабын “Al-Nassr” клубтэй гэрээгээ сунгасан бөгөөд шинэ дүн нь 400 сая ам.доллар давсан мэдээлэл бий. Тэрбээр тус клубийн хувьцааны 15 хувийг эзэмшинэ.
Мөн Саудын Арабын лигийн аварга шалгаруулах тэмцээний “Алтан шаахай” шагналыг хүртсэн тохиолдолд дөрвөн сая фунт стерлинг, баг нь түрүүлсэн тохиолдолд найман сая фунт стерлингийн шагнал авна. Түүнчлэн Кристиано Рональдо Саудын Арабын компаниудтай сурталчилгааны гэрээ байгуулснаар 60 сая фунт стерлингийн нэмэлт орлого олох боломжтой аж.
“Bloomberg Billionaires Index” түүний хөрөнгийн хэмжээг анх удаа тооцоолж, 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэйг бататгаснаар Кристиано Рональдо ийнхүү тэрбумтнуудын эгнээнд дэвшсэн анхны хөл бөмбөгчин боллоо.