
Зургийг: С.Батсайхан
Сүүлийн хоёр сарын хугацаанд Украин улс ОХУ-ын газрын тос боловсруулах 15 үйлдвэрт дроны цохилт өгөөд байна. Довтолгоонуудын зарим нь амжилттай болсноор ОХУ-ын газрын тос боловсруулалтын нийт хүчин чадал өдрийн таван сая баррелиас доошилсныг “JPMorgan” тооцоолжээ. Өөрөөр хэлбэл боловсруулалт нь өдрийн 500 мянга гаруй баррелиар буураад байгаа аж.
Сүүлд Ленинград мужийн “Кинеф” үйлдвэр Украины дроны довтолгоонд дахин өртсөнөөр өдөрт 150 мянган баррель нефть боловсруулах чадалтай гол хэсгийнх нь үйлдвэрлэл зогссон байна. Тус үйлдвэр нь жилд 20 сая тонны боловсруулалтын хүчин чадалтай, дотоодын төдийгүй экспортын зах зээлүүдийг хангадаг томоохон үйлдвэр юм.
Газрын тосны дэд бүтцүүдийг нь онилсон халдлагуудын улмаас ОХУ-д түлшний хомсдол нүүрлэж, гол хэрэглэгддэг шатахууны төрлүүдийн үнэ энэ онд эрс өссөн. Тус улсын Засгийн газраас шатахууны экспортыг 2025 он дуустал бүрэн хориглож, дизель түлшний экспортыг хэсэгчилсэн байдлаар мөн он дуустал хориглох шийдвэр гаргаад буй.
Харин ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн тогтвортой авах гэрээтэй Монгол Улс дээрх хоригийн гадуур үлдсэн ч автобензиний айсуй хомсдол, үнийн өсөлттэй холбоотой болгоомжлол өндөр байна. Шатахуун, дизель түлшний онцгой албан татварыг тэглэх тогтоолын дагуу АИ-92 автобензиний үнэ 2022 оны хавраас хойш харьцангуй тогтвортой байгаа юм.
Цаашид Монгол Улс шатахууны импортын нийлүүлэлтээс үл хамааран дотооддоо “сав”-аа сайн бэлтгэх хэрэгтэй гэж салбарынхан, мэргэжилтнүүд үзэж байна. 2027 онд Дорноговь аймаг дахь газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход өнөөгийн агуулах савны багтаамж хангалтгүй байх эрсдэл үүсэж магадгүй аж.
2026 оны төсөвт нефтийн салбарын аж ахуйн нэгжүүдэд нөөцлөх савны багтаамжаа нэмэгдүүлэх зээл олгоход 50 тэрбум төгрөгийн хүүгийн татаас тусгуулах асуудлыг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөснийг салбарын яам мэдээлсэн юм. Одоогоор Монгол Улс 27 хоногийн л нөөц бүрдүүлэх савтай аж.