
Зургийг: Soichiro Koriyama/Bloomberg
Японы шингэн хүнс үйлдвэрлэгч “Asahi” компани шар айргийн зургаан үйлдвэрийнхээ үйл ажиллагааг дахин эхлүүлснээ мэдээллээ. Тус компани өнгөрсөн сарын эцсээр томоохон цахим халдлагад өртсөний улмаас бүтээгдэхүүнийх нь үйлдвэрлэл, тээвэрлэлт хэд хоногийн турш зогсоод байсан юм.
Одоогоор асуудлын суурь шалтгааныг илрүүлэхээр шалгалт явуулж, мөн компанийн ашгийн үзүүлэлтэд учирч болзошгүй нөлөөллийг үнэлж байгаагаа “Asahi”-ийн төлөөлөгч даваа гарагт мэдээлсэн байна.
“Ransomware” төрлийн халдлагын улмаас тус компанийн Япон дахь 30 үйлдвэрийн ихэнх нь үйлдвэрлэлээ зогсоосныг “Asahi” өмнө нь мэдээлсэн юм. Системийнх нь зарим хэсэг ажиллагаагүй хэвээр байгаа бөгөөд нийлүүлэлтээ хэвийн явуулахын тулд захиалгуудыг гараар боловсруулж буйг тус компани мөн онцолж байна.
“Asahi”-ийн үйлдвэрлэл зогссоноор жижиглэн худалдааны бизнесүүд Японы хамгийн алдартай шар айраг "Super Dry"-ийн нөөцгүй болох болгоомжлол үүсээд байв. “Seven & I”, “Lawson”, “Family Mart” зэрэг компани ойрын өдрүүдэд энэхүү шар айргийн хомсдол үүсэж магадгүй болохыг худалдан авагчдад анхааруулж байлаа.
Хэрэв үйлдвэрлэлийн тасалдал энэ сар дуустал үргэлжилбэл “Asahi” IV улирлын ашгийн төсөөллөө Японд 83 орчим хувиар, олон улсад 38 хувиар бууруулах шаардлагатай болохыг “Sanford C. Bernstein”-ийн шинжээчид тооцоолжээ.