
Зургийг: Daybreak/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Чип үйлдвэрлэгч “Advanced Micro Devices” (AMD) компани “OpenAI”-тай хамтран хиймэл оюуны дэд бүтэц байгуулах томоохон гэрээ үзэглэснээр AI тооцооллын салбарт ноёрхдог “Nvidia”-тай өрсөлдөх чухал давуу талыг өөрийн болголоо.
Даваа гарагт дээрх хамтын ажиллагааг зарласны дараа AMD-ийн хувьцааны ханш 24 хувиар эрс өсөж, 203.71 ам.доллар хүрсэн байна. Мөн тус компанийн зах зээлийн үнэлгээ 63.4 тэрбум ам.доллароор нэмэгдэн 330.6 тэрбум ам.доллар болсноор “Coca-Cola”, “General Electric” зэрэг компанийг үнэлгээгээрээ ардаа орхижээ.
Гэрээний дагуу “OpenAI” ирэх жилүүдэд AMD-ийн нийт зургаан гигаваттын эрчим хүч зарцуулах хэмжээний GPU буюу график картуудыг дата төвүүддээ ашиглах юм байна. Түүнчлэн хамтын ажиллагааны зорилт хэрхэн биелэхээс шалтгаалж “OpenAI” тус компанийн 160 сая ширхэг хувьцааг нэгж тус бүрийг нь нэг центийн үнээр худалдан авах сонголттой болох аж. Энэ нь AMD-ийн нийт гаргасан хувьцааны 10 гаруй хувьтай тэнцэх юм.
Үүнээс өмнө есдүгээр сард “Nvidia” компани “OpenAI”-д нийт 10 гигаваттын хүчин чадал бүхий дата төвүүд, хиймэл оюуны дэд бүтцийн төслүүд байгуулахад нь 100 тэрбум хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо зарлаж байв.
Ian King