
Зургийг: Toru Hanai/Bloomberg
Япон улс түүхэндээ анх удаагаа эмэгтэй Ерөнхий сайдтай болох гэж байна. Консерватив улс төрч Санаэ Такаичи эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ даргаар сонгогдсоноор дэлхийн дөрөв дэх том эдийн засагтай улсыг удирдах зам нь нээгдлээ.
Эдийн засгийн аюулгүй байдлын сайд хийж байсан, өдгөө 64 настай Санаэ Такаичи аравдугаар сарын дөрвөнд болсон намынхаа сунгаанд ялалт байгуулж, албан тушаалаа өгч буй Ерөнхий сайд Шигэрү Ишибаг залгамжлахаар болж байна. Шигэрү Ишибагийн удирдлага дор нам нь сонгуульд ялагдаж, Парламентын хоёр танхимд олонх байдлаа алдсан юм.
Санаэ Такаичи нь Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн оюун санааны залгамжлагч гэгддэг. Мөн тэрбээр Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тэтчерийн шүтэн бишрэгч болохоо хэлдэг. Маргарет Тэтчерийн нэгэн адил Санаэ Такаичигийн удирдлага дор Япон улс улс төрийн баруун жигүүр лүү улам хэвийх магадлалтай. Харин эдийн засаг, санхүүгийн талбарт тэрбээр өмнөхөөс илүү прагматик, хянуур бодлого баримтлах төлөвтэй. Одоогоор Санаэ Такаичид тулгарч буй гол сорилтууд гэвэл намдаа иргэдийн дэмжлэгийг эргүүлэн олж авах, инфляцыг тогтоон барих, АНУ-тай худалдааны харилцаагаа сайжруулах зэрэг байна.
Үүнээс гадна тэрбээр Японы эрчим хүчний стратегийн тэргүүнд цөмийн эрчим хүчийг тавьж, бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг хойш тавихаар байна. Урьд нь Санаэ Такаичи дэвшилтэт цөмийн технологийн хөгжүүлэлтийг эрчимжүүлж, шинэ үеийн реакторууд нэвтрүүлэн улсынхаа эрчим хүчний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангадаг болгохыг уриалж байжээ.
2011 оны Фукушимагийн ослын дараа ажиллагааг нь зогсоосон реакторуудыг дахин асаах, шинээр атомын цахилгаан станцууд барих зэрэг нь Японы өмнөх Засгийн газруудын баримталж байсан бодлого юм. Харин Санаэ Такаичи Японы нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах гол арга замаар цөмийн эрчим хүчийг сонгох магадлалтайг “Renewable Energy Institute”-ийн захирал Мика Обаяаши онцолжээ. Тэрбээр “Санаэ Такаичи уур амьсгалын амбицаас илүү эрчим хүчний аюулгүй байдлыг, сэргээгдэх эрчим хүчнээс илүү цөмийн эрчим хүчийг, олон улсын корпорацаас илүү дотоодынхоо үйлдвэрлэлийг эрхэмлэж байгаа” хэмээсэн байна.