
Зургийг: Jonas Gratzer/LightRocket/Getty Images/Bloomberg
Bloomberg Opinion -- Хиймэл оюун нийгмийн бүхий л хэсгүүд рүү хальж, батлан хамгаалах, эрүүл мэнд, санхүү гээд нэн чухал салбаруудад улам гүнзгий нэвтэрсээр буй энэ үед улс орнууд хиймэл оюуны суурь технологийг өөрийн болгохоор эрэлхийлэх болов.
Гадаадын хиймэл оюуны моделиудыг сургах өгөгдөлд шингэсэн утгууд өргөн цар хүрээнд тархах вий гэсэн болгоомжлол бас бий. Цахим хайлт хийх, мэйл бичүүлэх, гэрийн даалгавраа хийлгэх гээд хүн бүр хиймэл оюуны хэрэгслүүдээс өдөр тутамдаа хамааралтай болж буй энэ үед улсуудын соёлын болон хэл зүйн онцлог ньюанс алдагдах эрсдэлтэй. Ялангуяа далай тэнгисийг хэрхэн нэрлэх нь хүртэл ширүүн маргаан дагуулдаг Азийн орнуудад үүнтэй холбоотой эмзэг байдал их. (БНСУ-ын нэрлэдгээр "Дорнод Тэнгис"-ийг OpenAI-ийн ChatGPT "Япон тэнгис" гэдэг.)
Жижиг улсуудын хувьд нэг талыг сонгож, ирэх олон арван жилд салбар дахь ноёрхлоо улам бататгах төлөвтэй АНУ болон БНХАУ-ын технологийн аваргуудын давамгайллыг гүнзгийрүүлэхээс болгоомжилж буй. Бие даасан хиймэл оюун гэдэг ойлголт нь улс орнууд, компаниуд ихэвчлэн өөрсдийн соёлын үнэ цэндээ тохирсон дотоодынхоо өгөгдлийг ашиглаж, дотооддоо хиймэл оюуны систем бүтээх хүчин чармайлт юм. Ингэснээр тэд гадаадын фирмүүдээс хамааралтай болох шаардлагагүй болно.
Гэхдээ энэ мөрөөдөл бас урхи болж болно. Суурь моделиуд буюу үлэмж хэмжээний өгөгдөл дээр сургагдсан хиймэл оюуны том систем бүтээх нь олон тэрбум ам.доллар, ховор бөгөөд үнэтэй чипүүд, инженерингийн асар их ур чадвар шаардах ажил. Одоогоор цөөн хэдэн компани л энэ чиглэлд амжилтад хүрээд байна. Тиймээс дийлэнх улс орнуудын хувьд энэ амбиц нь ихээхэн үнэтэй, үр дүн нь хий хоосон байх эрсдэлтэй.
Өмнөд Солонгос саяхан суурь модель боловсруулах амбицтай санаачилга гаргасан. Төрийн болон хувийн хэвшлийн түншлэл нь АНУ, БНХАУ-ын тэргүүлэгчидтэй өрсөлдөхүйц дотоодын хиймэл оюун ухааны системийг бий болгохын тулд орон нутгийн таван технологийн компанийн дунд "Squid Games" шиг тэмцээнийг ивээн тэтгэх болжэээ. Уг төслийн зорилго нь зарим талаараа “Хиймэл оюун ухааны эрин үед Солонгосын технологийн хараат бус байдлыг хангах” явахыг болохыг нэгэн албан тушаалтан мэдэгджээ. Ихэнх технологийн компаниуд OpenAI, Alibaba, DeepSeek зэрэгтэй өрсөлдөж чадах шинэ суурь мопелийг эхнээс нь бий болгох нь бараг боломжгүй ажил гэх зах зээлийн бодит байдлыг хүлээн зөвшөөрч байгаа тул БНСУ үнэхээр том мөрий тавьж байгаа хэрэг. Ихэнхдээ бэлгэдлийн шинжтэй үр дүнгийн төлөө асар их хэмжээний хөрөнгө, тооцоолон бодох нөөц, ур чадвар зарцуулна гэсэн үг.
Монголын “Egune AI” энэхүү сорилтыг тодоор харуулж байна. Гадаадын чатботууд монгол хэлний нарийн нюансыг гаргаж чаддаггүйгээс үүдсэн бухимдал “Egune AI” мэндлэх анхдагч шалтгаан болсон тухай тус моделийг хөгжүүлсэн “Чимэгэ Системс” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал онцолсон юм. “Манай зах зээл дэндүү жижигхэн болохоор хэн ч бидэнд туслахгүй. Тиймээс Монголдоо зориулж өөрсдөө хиймэл оюун бүтээх шаардлагатай болсон” хэмээн ярилцлагадаа өгүүлжээ. Компанийн зүгээс Засгийн газраас аливаа санхүүжилт аваагүйгээ мөн тодотгож байна.
“Egune”-ийн 2023 онд гарсан анхны хувилбар нь монгол хэл дээр сайн шүлэг бичиж чаддаг ч “ерөнхий мэдлэг нь бараг тэг” байсныг С.Бадрал хэлжээ. Харин энэ онд гарсан сүүлийн хувилбар нь хамаагүй том (70 тэрбум параметртэй), мөн буруу хариулт өгөх асуудал нь багассан аж. Монгол хэл дээрх бичвэр, монгол соёлыг монгол хүн шиг ойлгож чаддаг болсон ч хязгаарлагдмал нөөцөөс болж өсөж тэлэх орон зай бага болохыг тэрбээр мөн дурджээ. Түүний хэлснээр "Монголын хэцүү хөршүүд"-ээс шалтгаалж Nvidia-аас чип авах үнэхээр хүндрэлтэй байгаа аж. “Egune”-д Монголын хоёр дахь том банк тэргүүтэй дотоодын үйлчлүүлэгч нар бий ч "алдагдалтай бус ашигтай ажиллахыг" хичээсэн хэвээр байгааг тэрбээр онцоллоо.
Хязгаарлагдмал нөөц боломжийн улмаас “Egune”-ийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчийн тоо одоогоор ердөө 20 мянга байгаа аж. Харьцуулбал "ChatGPT"-ийн долоо хоногийн идэвхэй хэрэглэгчийн тоо 700 сая орчим. Монголд бүтээгдсэн учраас “Egune” илүү олон монгол хэрэглэгчийн сонирхлыг татна гэдэгт С.Бадрал итгэлтэй болохоо илэрхийлж байна. Хэдий тийм боловч үндэсний бэлгэ тэмдгийн шинжтэй төслөөс цаашилж, “ялагч бүхнийг авна” гэсэн зарчимтай зах зээлийн жинхэнэ тоглогч болоход үнэхээр хэцүү байх юм.
Эцэст нь юу хяслантай вэ гэхээр бие даасан хиймэл оюун байгуулах энэхүү олон хүчин чармайлтаас хамгийн их ашиг хүртэгч нь нөгөө л гадаадын аварга компаниуд, ялангуяа Nvidia зэрэг чип үйлдвэрлэгчид байх төлөвтэй. “Бие даасан хиймэл оюун гэдэг нэр томьёог анх "Nvidia" гаргаж ирсэн. Магадгүй илүү олон чип зарахын тулд байх” хэмээн Стэнфордын Хүн төвтэй хиймэл оюуны институтын үүсгэн байгуулагч Жэймс Ландэй саяхан БНСУ-ын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байна. Түүний түмэн зөв. Түүний зөв. Өөрсдийн бие даасан хиймэл оюуны зорилтдоо хүрэхээр мөн зүтгэж байгаа АНЭУ, Саудын Арабын дата төвийн төслүүддээ захиалсан асар их тооны чипийн захиалга нь Nvidia-д Хятадын зах зээлд алдсан борлуулалтаа нөхөхөд дэм болохыг Bloomberg Intelligence-ийн шинжээчид өнгөрсөн долоо хоногт тэмдэглэжээ. Тиймээс жижиг орнуудын хараат бус болох хүчин чармайлт нь эцэстээ тэдний хамааралгүй болохоор зорьж буй өнөөх компаниудыг улам хүчирхэгжүүлэх магадлалтай.
Илүү ухаалаг стратеги бол суурь технологийг дахин бүтээхэд бус, харин хэрэглээний үе шатанд төвлөрөх замаар нөөц боломжоо өөр тийш чиглүүлэх байж болно. Эрүүл мэнд, санхүү болон төрийн үйлчилгээ зэргээр салбарт тусгайлан зориулагдсан хэрэгслийг бүтээх нь эдийн засгийн үр өгөөжтэй байх магадлал өндөр. Бие даасан байдалдаа санаа зовж буй засгийн газрууд анхдагч дэд бүтцийн түвшинд төвлөрөх нь илүү үр дүнтэй. Учир нь хиймэл оюуны моделийг дотооддоо ажиллуулж чадаж л байвал түүнийг хаана сургасан нь чухал биш.
Эцэст нь хиймэл оюуны хөгжлөөс хоцрох вий гэдэгт санаа зовж буй улсууд нэвтрүүлэлтэд илүү анхаарах хэрэгтэй. Түүхэн чиг хандлагаас харвал ерөнхий зориулалтын шинэ технологийг хамгийн түрүүнд хөгжүүлсэн улс орнууд нь биш, харин түүнийг хамгийн үр дүнтэй ашиглаж байгаа орнууд ашиг хүртдэг гэдгийг технологийн хувьсгалууд гэрчилж байна. Эдийн засаг, аж үйлдвэр, институцүүдээ технологид нийцүүлэн өөрчилж, технологийн хэргийг хамгийн сайн гаргаж чаддаг улсууд л гол ашиг хүртдэг.
Бие даасан хиймэл оюуны экосистем хөгжүүлэхээр зорьж буй жижиг улсуудад өгөх зөвлөгөө байгаа эсэхийг нь С.Бадралаас асуухад тэрбээр санаа алдаад, "Хялбар биш л байх болно. Гэхдээ боломжгүй зүйл биш" хэмээсэн юм.