
Зургийг: screendaily.com
Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" кино 98 дахь удаагийн Оскарын наадмын "Олон улсын шилдэг кино" төрөлд Монгол Улсыг төлөөлөх уран бүтээлээр сонгогдсон байна. Шоронд 14 жил хоригдоод суллагдсан Мягмар хэмээх залууд тохиолдож буй үйл явдлыг өгүүлэх уран бүтээл 2024 онд Эстони улсын “Tallinn Black Nights” кино наадмын Гранпри шагнал болон "Шилдэг зураач"-ийн шагналыг хүртсэн юм.
Үүнээс гадна Австрали улс найруулагч Габриел Брэдигийн "Чоно үүр шөнөөр ирдэг" (The Wolves Always Come at Night) хэмээх монгол хэл дээр бүтээгдсэн баримтат киног Оскарын "Олон улсын Шилдэг кино" төрөлд мөн өрсөлдүүлэхээр сонгожээ. Бодит түүх, зохиомол үйл явдлыг хослуулсан тус бүтээл нь говийн элсэн шуурганд амьжиргаагаа алдсан нэгэн малчин гэр бүл нутгаа орхин нүүх хүнд шийдвэр гаргаж буй талаар өгүүлдэг.
"Чоно үүр шөнөөр ирдэг" кино 2024 оны Торонтогийн кино наадмын үеэр нээлтээ хийж, тухайн жилдээ Лондон, Цюрих, Сан Франциско, Сиднейн кино наадмуудад өрсөлдсөн байна.
Монгол Улс 2003 оноос хойш Оскарын наадмын дээрх төрөлд кинонуудаа илгээж буй ч эцсийн шалгаруулалтад нэр дэвшсэн уран бүтээл хараахан тодроогүй байгаа юм. Харин 2005 онд найруулагч Д.Бямбасүрэнгийн "Ингэн нулимс" Шилдэг баримтат киноны төрөлд нэр дэвшиж байлаа.
2026 оны Оскарын наадмын төрлүүдэд өрсөлдөх уран бүтээлүүдийн урьдчилсан жагсаалт ирэх 12 дугаар сарын 16-нд, эцсийн шатанд шалгарсан бүтээлүүд нэгдүгээр сарын 22-нд зарлагдах товтой байна.