
Зургийг: Э.Тэнгис
Монголын байгалийн арвин их нөөц олон улсад сонирхол татсан хэвээр ч улс төрийн эрсдэл, тодорхой бус зохицуулалт, хөрөнгө албадан хураах асуудалд хөрөнгө оруулагчид анхааралтай байх хэрэгтэйг АНУ-ын Төрийн департмент Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлдээ онцолжээ.
Хөрөнгө оруулагчдын санааг зовоодог гол хүчин зүйлсээр гадаад “шок”-т эмзэг байдал, маргаан шийдвэрлэх сул тогтолцоо, хэт их зохицуулалтыг нэрлэсэн байна. Хуулийн тэгш бус хэрэгжилт, өндөр татвар ногдуулалт, шүүхээр маргаан шийдүүлэхэд хэт уддаг нь “шууд бусаар хөрөнгө хураалт”-ын эрсдэл үүсгэхээс гадна ялангуяа Монголын Татварын Ерөнхий Газрын “маргаан шийдвэрлэх чадваргүй, хүсэлгүй” байдлыг хөрөнгө оруулагчид шүүмжилдэг болохыг тодотгожээ.
2024 онд Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуулиа сэргээж, “стратегийн” ангилалд орсон уул уурхайн төслийн 34 хувийг төрийн өмчид авахаар болсныг уг мэдэгдэлд онцгойлон авч үзсэн байна. Энэхүү алхам нь “Монгол Улсыг хөрөнгө оруулалт хийх боломжгүй зах зээл болгож болзошгүй” хэмээж, Засгийн газрын хөгжлийн зорилт нь гадаадын капиталаас хамааралтай болохыг сануулсан байна.
Авлигын асуудал Монголд “эндемик” хэвээр бөгөөд ялангуяа уул уурхай, банк санхүү, эрчим хүчний салбарт ноёрхдог Төрийн өмчит компаниудад элбэг байна. Хувьчлалыг нэмэгдүүлэх талаар байнга яригддаг ч Засгийн газар дэд бүтэц ашиглалт, зөвшөөрлийн тал дээр төрийн өмчит компаниуддаа давуу эрх олгосоор байгааг шүүмжилжээ.
Эцэст нь, хөрөнгө оруулалтын орчныг булингартуулж буй эдгээр асуудлууд бий ч Монгол Улсын хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, франчайзингийн салбарт өсөх ирээдүй ажиглагддаг бөгөөд 2025 онд шинээр батлах хуулиудыг тогтмол хэрэгжүүлж чадвал хөрөнгө оруулагчдын үнэлэмж дээшлэх боломжтойг АНУ-ын Төрийн департмент онцолсон байна.