
Зургийг: Luke MacGregor/Bloomberg
АНУ-ын Сангийн яамны Эрдэнэсийн сан дахь алтны нийт үнэлгээ нэг их наяд ам.долларын босго давж, Засгийн газрын тайлан тэнцэлд тусгасан дүнгээс 90 дахин өсжээ. Түүхэн дээд түвшнээ шинэчилсээр буй алтны үнэ зөвхөн энэ он гарсаар 45 хувиар өсөж, мягмар гарагийн спот ханшаар унц нь 3845.86 ам.доллар хүрээд байна.
Худалдааны дайн, геополитикийн зөрчлөөс үүдэх тогтворгүй байдлаас болгоомжилсон хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү хошуурсан нь алтны үнийн огцом өсөлтөд нөлөөлөх суурь хүчин зүйл болж буй. Үүний зэрэгцээ алтны биржээр арилжаалагддаг сангуудад орох хөрөнгийн урсгал, Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт, мөн сүүлд АНУ-ын Засгийн газар төсвөө баталж чадаагүйгээс санхүүжилтгүй болох эрсдэлд орсон нь өсөлтөд түлхэц болж байна.
Ихэнх улс орнуудаас ялгаатай нь АНУ-ын Төв банк бус Сангийн яам нь алтаа нөөцөлдөг. Харин Холбооны Нөөцийн банк Сангийн яамны алтны нөөцийн үнэлгээг баталгаажуулах сертификат эзэмшиж, Засгийн газарт дүйцэх дүнг нь ам.доллароор олгодог байна.
Хэдий тийм боловч АНУ-ын Конгрессоос 1973 онд тогтоосон албан ёсны ханшийг мөрдөх ёстой тул Сангийн яамны одоогийн нөөцийн үнэлгээ ердөө 11 тэрбум ам.доллар гэж тайлан тэнцэлд тусгагдах юм. Тухайн үед алтны ханшийг унц нь 42.22 ам.доллароор тогтоож байжээ. Хэрэв энэ дүнг одоогийн ханштай уялдуулан шинэчилбэл АНУ-ын Сангийн яаманд ойролцоогоор 990 тэрбум ам.долларын эх үүсвэр нээгдэх аж.