
Зургийг: Chona Kasinger/Bloomberg
Үлдэх үү, явах уу
(Bloomberg) -- “OpenAI” компанийн “ChatGPT” үйлчилгээ хиймэл оюуныг дэлхийн эдийн засгийн төв цэгт оруулснаас хойших гурван жилийн хугацаанд “Гайхамшигт 7-ийг л ав” гэдэг арилжааны стратеги АНУ-ын хувьцааны зах зээлд ноёрхсон юм. 2023 оны эхнээс хойш “S&P 500 Index” 70 хувь давж өссөний талаас илүү хувийг эдгээр долоон компанийн хувьцаа бүрдүүлж, хөрөнгө оруулагчдад үлэмж өгөөж хүртээжээ. Хэдий тийм боловч хиймэл оюуны ирээдүйд мандан бадрах хүлээлттэй “Broadcom”, “Oracle”, “Palantir” зэрэг компанийн хувьцаа энэхүү стратегийн гадуур үлдсэн юм.
“Гайхамшигт 7 ухаалаг гар утас, интернэт, цахим худалдааны эринд ялсан учраас хиймэл оюуны эринд ч бас ялна гэж үзэж болохгүй. Жинхэнэ ялагчид бол хиймэл оюунаар маш том, хил хязгааргүй зах зээлийг хангаж, ирээдүйд одоогийн Гайхамшигт 7-оос ч том болох компаниуд” хэмээн “Artisan Partners”-ийн портфель менежер Крис Смит хэлж байна.
Гэхдээ ингэлээ гээд “анхны долоо” алга болно гэсэн үг биш. Өнөөдөр “S&P 500 Index”-ийн бараг 35 хувийг “Гайхамшигт 7” хангахын зэрэгцээ 2026 онд орлого нь 13 хувь, ашгийн хэмжээ нь 15 хувиар өсөх төсөөлөлтэй. Харин индексэд багтдаг бусад компаниудын ашгийн өсөлт 13 хувь, орлогынх 5.5 хувь байхаар байна.
Харин “Гайхамшигт 7”-д багтдаг компаниудын хувьцааны хөдөлгөөнд нэлээн зөрүү гарч буй. “Nvidia”, “Alphabet”, “Meta” болон “Microsoft” компани хиймэл оюуны эринд байр сууриа бат олсон тул энэ онд хувьцаанууд нь 21-33 хувийн өсөлттэй байгаа юм. Тэгвэл “Apple”, “Amazon”, “Tesla”-ийн хиймэл оюуны ирээдүй тодорхойгүй хэвээр, тиймдээ ч хувьцаа нь өсөлтөөрөө нэлээн хоцорч байна.
Дараа үеийн манлайлагчид
Иймд “Wall Street”-ээс айсуй цагийн томчуудыг шинээр бүлэглэж, тухайлбал: “Tesla”-ийг хассан “Том зургаа”, чип үйлдвэрлэгч “Broadcom”-ийг нэмсэн “Элит 8” зэрэг хувилбарууд гаргаж байна. Хэдий тийм боловч эдгээрийн аль нь ч хиймэл оюуны зах зээлийг бүрэн дүр зургаар нь буулгахгүй байгаа юм. Жишээлбэл: “Oracle”-ийн үүлэн тооцооллын бизнес эрчийг авснаар хувьцааны ханш нь он гарсаар 75 хувиар өсөөд буй. Мөн хиймэл оюуны программ хангамжийн эрэлтийн ачаар “Palantir”-ийн хувьцаа 2025 онд 135 хувиар өсөж, “Nasdaq 100 Index”-ийн шилдэг нь болжээ.
Зах зээлийн дараагийн үеийн манлайлагчид болох нэр дэвшигчдийн дундаас зарим компаниуд харьцангуй олон дурдагдаж байна. Тайванийн “TSMC” нь “Oracle”, “Broadcom”-ийн хамт дэлхийн хиймэл оюуны экосистемийн салшгүй хэсгүүд болох шинжтэй. Харин хиймэл оюуны программ хангамжийн салбарт “Salesforce”, “Adobe” зэрэг уламжлалт манлайлагчид хойш сууж, “Palantir” ялагч болон гарч ирж байгаа аж. Мөн хиймэл оюуны дэд бүтэц, эрчим хүч зэрэг уялдаа холбоотой салбаруудаас “Micron”, “Arista”, “Western Digital”, “Seagate”, “Sandisk” зэрэг битүү морьд бас байна.
Эцэст нь, салбарын зарим гол тоглогч компаниуд хаалттай нь хяслан. Хиймэл оюуны ямар ч жагсаалтын тэргүүн эгнээнд явах учиртай “OpenAI”-ийн хувьцааг ихэнх хөрөнгө оруулагчид авах боломжгүй байдаг. “Anthropic”, “SpaceX” компани мөн хувьцаагаа нээлттэй арилжаалдаггүй юм.
Phil Serafino, Ryan Vlastelica