
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Оны эхний хагаст нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрч унасан нь БНХАУ-ын химийн үйлдвэрлэлийн салбарын ашигт ажиллагааг өөрчилж, газрын тосны оронд нүүрсийг гол түлшээрээ сонгосон үйлдвэрүүдийн тоо нэмэгдэхэд нөлөөлжээ.
Тус улсын нүүрс-химийн хамгийн том үйлдвэрлэгч “Ningxia Baofeng Energy Group Co.” энэ оны эхний хагаст цэвэр ашгаа 73 хувиар өсгөсөн бол нүүрсний олборлолтоор тэргүүлэгч “China Shenhua Energy Co.” Өвөр Монголын Өөртөө Засах Орон дахь химийн үйлдвэрийн ашиг нь 20 дахин өссөнийг тайлагнасан байна. Гэтэл нөгөө талд газрын тос боловсруулалтын аварга “Sinopec”-ийн химийн үйлдвэрлэлийн нэгж нь оны эхний зургаан сард 4.5 тэрбум юанийн алдагдал хүлээж, 2024 оны мөн үед 3.6 тэрбумын алдагдалтай ажиллаж байснаа бүр ч дордуулжээ.
Үнэ цэн багатай, их хэмжээгээр үйлдвэрлэдэг химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрэлтээсээ хэтэрсэн нь борлуулалтын үнэ, маржинд сөргөөр нөлөөлж, улмаар тус салбарын томчууд шинэ цэргүүддээ ашигт ажиллагаагаар дийлдэх шалтгаан болжээ. БНХАУ-ын Засгийн газраас газрын тосонд суурилсан уламжлалт химийн үйлдвэрүүдийн нийлүүлэлтийн илүүдлийг арилгахын тулд жижиг үйлдвэрүүдийг хаах, хуучирсан үйлдвэрүүдийг шинэчлэх, эдийн засгийн үр ашиг өндөртэй шинэ үеийн материалууд руу хөрөнгө оруулалтаа чиглүүлэх шаардлага тавьж буй.
Гэтэл химийн бүтээгдэхүүний үнийн одоогийн нөхцөлийг үл харгалзан нүүрс-химийн үйлдвэрлэгчид ашигтай ажилласаар байна. Тус салбарын үнэлгээ ирэх таван жилд 520 тэрбум юаниар тэлж, хүчин чадлаа 30 гаруй хувиар өсгөх төлөвтэй аж. Тиймээс БНХАУ-д нүүрс хямд байх тусам салбарын энэхүү шилжилт улам эрчээ авахаар байна.
Үүнээс гадна тус улс эрчим хүчний бүтээгдэхүүнээр импортоос хамааралтай байдлыг бууруулах том давуу талтайг дурдах хэрэгтэй. БНХАУ нүүрсний хэрэгцээнийхээ дийлэнхийг дотоодын олборлолтоос, харин газрын тосныхоо дийлэнхийг импортоор бүрдүүлдэг. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нь нэмэгдэх тусам цахилгаан станцуудад хэрэглэхгүй болсон нүүрсээ “шингээх” өөр салбарууд БНХАУ-д хэрэг болно.
Хэдий тийм боловч нэг том төлөөс байгаа нь БНХАУ-ын эрх баригчдын эдийн засгаа нүүртөрөгчгүйжүүлэх зорилтыг дээрх шилжилт хойш татах магадлал бий. Нүүрс-химийн үйлдвэрлэлийн бохирдуулалт газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс ч өндөр байдаг аж. Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн мэдээлснээр өнгөрсөн онд нүүрс-химийн салбар 690 сая тонн CO2 ялгаруулсан нь уламжлалт химийн үйлдвэрлэлийнхээс 440 сая тонноор өндөр байжээ.