
Зургийг: George Frey/Getty Images
Монгол Улс анх удаа дотооддоо сум үйлдвэрлэснийг Батлан хамгаалах яам мэдээллээ. Батлан хамгаалах яам БНТУ-ын “MKE” корпорацтай байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд сумны үйлдвэрийн угсралтын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулсан байна.
Ингэснээр Монгол Улс анх удаа буудлагын зэвсгийн сум үйлдвэрлэж, Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлд шаардагдах сумыг дотоодоосоо хангах, төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэгцээнд нийлүүлэх боломжтой болсныг онцолсон байна.
Үүнээс гадна Турк улсын батлан хамгаалахын үйлдвэрлэлийн Baykar компани Улаанбаатар хотын ойролцоо “Bayraktar” дроны үйлдвэрээ байгуулахаар төлөвлөснөө өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлж байв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаа шат ахин стратегийн түншлэлд хүрч, тэр дундаа батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрүүд хийгдсэн юм.