
Зургийг: jadegas.com.au
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компани Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслөөсөө үйлдвэрлэсэн LNG буюу шингэрүүлсэн байгалийн хийг “UB Metan” компанид худалдах нөхцөлт гэрээ байгуулснаа мэдээллээ.
Гэрээний дагуу “Jade Gas Holdings” үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ биет хэмжээний 20-иос доошгүй хувийг “UB Metan”-д нийлүүлэх юм байна. Мөн тус компани ирэх онд төслийн "Улаан нуур" талбайдаа шингэрүүлсэн байгалийн хий боловсруулах байгууламж суурилуулахаар төлөвлөсөн тул 2026 оноос эхлэн таван жилийн хугацаанд хий нийлүүлэхээр тусгажээ.
Харин нийлүүлэх үнийн хувьд Улаанбаатар хотод худалдаалагддаг LNG-ийн жижиглэнгийн үнэтэй уялдуулж гигажоуль нь 20 ам.долларын үнэтэй байхаар тохиролцсон байна.
Монголын байгалийн хийн бүтээгдэхүүний хамгийн том импортлогч “UB Metan” компани нь “Jade Gas Holdings”-ийн стратегийн хамтын ажиллагаа бүхий гол хөрөнгө оруулагч нь юм. Өнгөрсөн наймдугаар сард “Jade Gas Holdings” компани анхны хэвтээ цооногоосоо байгалийн хий олборлож эхэлснээ зарлаж байлаа. Мөн ашиглалтад оруулсан хоёр цооногоос олборлосон хийгээ төслийн талбай дахь үйл ажиллагааг эрчим хүчээр хангахад ашиглана гэдгээ мэдээлж байв.