
Зургийг: OECD
2025 оны эхний хагас жилд дэлхийн эдийн засгийн, ялангуяа хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт тогтвортой байсан ч илүү өндөр дүнтэй тарифууд хэрэгжиж эхэлснээр хоёрдугаар хагаст дэлхийн эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байгааг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD) шинэ тайландаа онцоллоо.
АНУ-ын тарифын арга хэмжээнээс гадна бодлогын тодорхойгүй байдал өндөр хэвээр байгаа нь хөрөнгө оруулалт, олон улсын худалдаа буурахад нөлөөлж байна. Тиймээс 2024 онд 3.3 хувьтай байсан дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3.2 хувь, харин ирэх 2026 онд 2.6 хувь болж саарна гэж Олон Улсын Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага дэлхийн эдийн засгийн төлөвийн шинэ тайландаа мэдээллээ.
Улс орнуудын АНУ-д хийж буй импортын тариф наймдугаар сарын эцсээр дунджаар 19.5 хувьд хүрсэн нь 1930-аад оны дунд үеэс хойших хамгийн өндөр тарифт тооцогдож байна.
Энэ оны эхний хагаст дэлхийн эдийн засгийн өсөлт тогтвортой байсан ч сүүлийн үеийн макро үзүүлэлтүүдээс харахад өсөлтийн эрч болон инфляц буурах хурд саарсан нь илэрхий байна.
Тулгарч болзошгүй гол эрсдэлүүдээр худалдааны саад тотгор нэмэгдэх, инфляцын дарамт эргэн сэргэх, төсвийн алдагдал, санхүүгийн тогтворгүй байдал, хөрөнгийн зах зээл дэх үнийн савлагаа зэргийг нэрлэжээ.
Харин нөгөө талд олон улсын худалдааны хязгаарлалтууд буурах, эсвэл хиймэл оюуны технологийг илүү хурдацтай хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болно гэж үзсэн байна.
Шинэ тайланд улс орнууд олон улсын худалдааны системд хамтран ажиллах арга зам хайж, худалдааны бодлогоо илүү ил тод, урьдчилан таамаглах боломжтой болгох хэрэгтэй гэж зөвлөжээ. Мөн томоохон Төв банкнууд аливаа эдийн засгийн өөрчлөлтөд түргэн хариу арга хэмжээ авах шаардлагатайг дурдсан байна.
Түүнчлэн инфляцын хүлээлт харьцангуй тогтвортой байж, Төв банкнуудын зорилтот хүрээнд хадгалагдвал бодлогын хүүг бууруулахад шуурхай хандах хэрэгтэй гэсэн зөвлөмж хүргүүлжээ.
Үүнээс гадна улс орнууд урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангах, ямарваа нэг цочролд хариу үйлдэл үзүүлэх боломжтой байхын тулд төсвийн сахилга бат зайлшгүй чухал болохыг анхааруулав.