
Зургийг: Bloomberg/Daybreak/Getty Images
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп америкчуудын хөдөлмөр эрхлэлт, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хүчин чармайлтынхаа нэг хэсэг болгож тус улсын H-1B ангиллын визийн хураамжийг зургаан оронтой тоонд хүргэж өсгөх шийдвэр гаргаад байна.
Энэхүү шийдвэр нь олон улсын ур чадвартай ажиллах хүчнээс үргэлжид хамааралтай байж ирсэн компаниудыг цочирдуулж, ялангуяа өндөр түвшинд бэлтгэгдсэн программистууд, дата аналистууд, инженерүүдтэй салшгүй уялдаатай Калифорни мужийн технологид суурилсан эдийн засагт цохилт болов.
Ням гарагаас хэрэгжиж эхэлсэн энэ өөрчлөлт маш гэнэтийн байсан тул компаниуд дээрх ангиллын визийг эзэмшигч ажилтнууддаа АНУ-д яаралтай эргэн ирэх, гадаад руу зорчихгүй байхыг анхааруулахад хүргэж, мөн H-1B визтэй иргэдэд шинэ хураамжийн журам үйлчлэх эсэх талаар багагүй төөрөгдөл үүсгэжээ.
Дональд Трампын мэдэгдлээс нэг өдрийн дараа Цагаан ордноос зөвхөн дараагийн сугалааны циклд шинээр виз мэдүүлсэн иргэдэд шинэ хураамж үйлчлэхийг тодотгосон юм. Хэдий тийм боловч одоогийн H-1B эзэмшигчдийн санаа зовнилыг дээрх тодруулга төдийлөн нимгэлсэнгүй.
Үүний зэрэгцээ АНУ-ын олон том компани хүний нөөцийн төлөвлөгөөнд нь дээрх өөрчлөлт хэрхэн нөлөөлөхийг үнэлэхээр яарч эхэлжээ. “Google”, “Apple”, “Meta” компаниуд л гэхэд H-1B визтэй олон мянган хүн ажиллуулдаг бол нэр хүндтэй их сургуулиуд, эмнэлгүүд дийлэнх судалгааны ажилтнууд, лекторуудаа тус визийн хөтөлбөрөөр дамжуулан элсүүлдэг.
Мөн АНУ дахь олон улсын оюутнууд төгссөнийхөө дараа АНУ-д үргэлжлүүлэн ажиллах гол гарц нь H-1B виз юм. АНУ-ын жил бүр олгодог 85 мянган H-1B визийн 20 мянга орчим нь тус улсад магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан суралцагчдад зориулагддаг байна. Визийн эрэлт нь нийлүүлэлтээ ямагт үлэмж дүнгээр давдаг бөгөөд 2025 оны төсвийн жилийн сугалаанд л гэхэд 470 мянга гаруй хүн бүртгүүлжээ.
Өмнө нь аутсорсингийн фирмүүд хөтөлбөрийн давуу талыг хэтрүүлэн ашиглаж байна гэсэн шалтгаанаар H-1B виз олгох тогтолцоонд шинэчлэл хийхийг зарим бизнесийн группүүдээс уриалж байсан бол зарим нь харин ч квотыг нь нэмэгдүүлж өргөжүүлэх замаар нэн чухал ажлын байрнууд дахь хомсдолыг нөхөх хэрэгтэйг онцолж байв.
Ямартаа ч Дональд Трампын энэ шийдвэр ямар ч бэлтгэх хугацаа олгоогүйг компаниуд, хуульчид шүүмжилж байна. “Төөрөгдөл, сандрал үүсгэхэд яг таарсан шийдвэр байлаа. Хураамжийн орлого нь хүсэлт боловсруулах зардалтай уялддаг, мөн олон нийтээс санал авах үйл явц байх ёстой тул энэ арга хэмжээ хууль бус” хэмээн Нью-Йорк дахь цагаачлалын асуудал хариуцсан хуульч Карин Уолман онцолжээ.
H-1B визийн хөтөлбөр гэж юу вэ? Хэрхэн хэрэгждэг вэ?
H-1B визийн хөтөлбөр нь тодорхой салбаруудад бий болсон ажиллах хүчний хомсдолыг арилгах зорилгоор АНУ-ын Засгийн газраас 20 дугаар зуунд хэрэгжүүлсэн цагаачлалыг дэмжих цуврал санаачилгуудын нэг бөгөөд 1990 оноос анх олгож эхэлжээ. Өнөөдөр тус улсын ажил олгогчид H-2A болон H-2B визийн хөтөлбөрөөр хөдөө аж ахуй зэрэг улирлын чанартай, түр хугацааны ажлын байруудад гадаадаас ажиллах хүч авах боломжтой.
Харин H-1B визийг голчлон технологийн салбарын компаниуд шинжлэх ухаан, математик, компьютерын ур чадвартай мэргэжилтнүүд авахад ашигладаг. 2023 оны төсвийн жилд нийт зөвшөөрөгдсөн H-1B визийн 65 орчим хувийг “компьютертой холбоотой” мэргэжлүүд бүрдүүлжээ. Виз горилогсдын хувьд наад зах нь бакалаврын зэрэг эзэмшсэн байх ёстой. Хугацаа нь хамгийн ихдээ зургаан жил байдаг ч хэрэв компани нь ажилтныхаа АНУ-д байнга оршин суух ногоон карт авах хүсэлтийг дэмжсэн бол урт хугацаагаар сунгах боломжтой. Мөн ажил олгогч H-1B визийн хөтөлбөрөөр авч ажиллуулах бүх ажилтныхаа тоогоор Засгийн газарт өргөдөл гаргах ёстой байдаг.
Andrew Mendez, Georgia Hall, Agnee Ghosh