
Зургийг: Christopher Furlong/Getty Images
(Bloomberg) -- Лондоноос Варшав, Берлинээс Мадрид хүртэл өдрөөс өдөрт засаглахад хэцүү болж буй Европын орнуудыг удирдах гэж эрх баригчид нь зүдэрч байна. Тус тивийн ихэнх улс өдгөө улайсан төсөв, яст мэлхийн хурдтай засаг захиргаа, Парламентын хуваагдал, туйлширсан сөрөг хүч, иргэдийн ширүүн эсэргүүцэл гээд давхацсан уршигт асуудлуудын намагт шигджээ.
Төвийг баримтлагчид нь улам шахагдсаар буй Европын Засгийн газрууд бүх зүйл хэвийн байгаа мэт дүр эсгэхээ больж, улс төрийн гацаа, уур бухимдал тодорхой хэмжээнд хадгалагдахыг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Хэт баруунтнууд дараагийн сонгуулиар хүчтэй гарч ирэх төлөвтэй Герман, Франц, Их Британид удалгүй жинхэнэ сандрал үүсэж мэдэхээр байна.
Эдгээр улс дахь эгзэгтэй байдлын нөлөөлөл бондын зах зээлд илэрч, Франц, Их Британийн Засгийн газрын урт хугацааны бондын өгөөж огцом өсөж байна. Энэ мэтийн хөдөлгөөн нь хөрөнгө оруулагчид тийм ч удаан тэвчиж чадахгүй болсныг анхааруулах дохио юм.
Улс төрийн тогтворгүй байдал, одоогийн тогтолцоо юу ч хийж чадахгүй нь гэсэн мессеж сонгогчдод очсоноос үүдэх аюул зөвхөн санхүүгийн эрсдэлээр хязгаарлагдахгүй. Дотоодын нийгэмд нь баруун, зүүний хэт үзэлтнүүдийн өдөөсөн уур бухимдал нэмэгдэх тусам тэдний өндөр албан тушаалд залрах үүд улам томоор нээгдэнэ. Харин гадаадаас Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп тэргүүтэй "хүчтэй нь хүчгүйгээ дийлэх" зарчмыг эрхэмлэгч эрчүүдийн хүсэл сонирхлын золиос болох эмзэг байдал нь нэмэгдэнэ.
Дэлхийг донсолгох аюул заналын гарын авлага бол Европын түүх. Итали, Герман дахь түйвээнээс фашизм мэндэлж, Испани, Португал түүнийг нь залгамжлан авч байлаа. Харин Францын гуравдугаар Бүгд найрамдах улсын доройтол, Их Британийн эдийн засгийн сунжирсан хямрал нь тус хоёр улс дотооддоо хэт анхаарсны улмаас Берлинд ид хүчээ авч буй Нацист Германы авчрах аюулыг хожимдож ухаарахад хүргэсэн юм.
Өнөөдөр гэвэл улс төрийн тогтворгүй байдал, гацааны хамгийн тод жишээ нь Франц улс болж байна. Хоёр жилийн дотор таван Засгийн газар сольсон тус улсын одоогийн Ерөнхий сайд Себастьян Лекорню төсвөө батлуулж, эрх мэдлээ авч үлдэхийн тулд зүүнтнүүдэд томоохон буулт хийх шаардлагатай болжээ. Харин улс төрийн цохилт хангалттай амссан Ерөнхийлөгч Эммануэль Макроны бүрэн эрх дуусахад хоёр жил үлдээд буй энэ үед хэт барууны Үндэсний Хөдөлгөөн нам одоо цаг нь ирсэн гэдэгт итгэл дүүрэн болж байна.
Харин Их Британид Ерөнхий сайд Кир Стармер өнгөрсөн оны сонгуулиар олж авсан том давуу талаа алдсаар байгаа нь маргаантай батлагдсан төсөв, зах зээлийн савлагаа, инфляц дахин өсөх болгоомжлол, мөн улс төрийн гол холбоотнууд нь огцорсонтой холбоотой. Энэ зуур Найжел Фаражийн тэргүүлсэн популист Реформын нам рейтингээр эрчээ авсан бөгөөд саяхан Лондоны төвд барууны үзэлтнүүдийн хамгийн том жагсаал болсон билээ.
Франц, Их Британийг бодвол ХБНГУ-д өрийн дарамт харьцангуй бага байгаа. Хэдий тийм боловч Канцлер Фридрих Мерцийн CDU намын Социал демократуудтай эвсэж байгуулсан Засгийн газарт аль хэдийн ан цав үүсэж эхэлжээ. Хэт барууны AfD нам одоо Германы гол сөрөг хүчин болж, ирэх сонгуульд CDU намтай зуузай холбон өрсөлдөх төлөвтэй.
Испанид Ерөнхийлөгч Педро Санчезийн Социалист нам нэлээн хэл ам дагуулж байж Каталоны салан тусгаарлах үзэлтнүүдтэй эвссэний хүчээр л эрх мэдлээс дөнгөн данган зүүгдэж байгаа гэхэд болно. Харин хөрш Португал нь гурван жилийн дотор гурван сонгууль явуулаад байна.
Европын бусад орнуудад улс төрийн гацаа мөн л элбэг байна. Нидерландын Ерөнхий сайд Дик Шхоф өнгөрсөн наймдугаар сард итгэл үзүүлэх эсэх санал хураалтаас аврагдаж чадсан ч ирэх сард тус улсад ээлжит бус сонгууль явагдахаар болсон. Бельгид Парламентын сонгууль болсноос хагас жилийн дараа л эрх баригч эвсэл нь ажилдаа орсон юм. Өмнө нь тус улсын иргэд 500 хоног хүлээсний эцэст Засгийн газар нь бүрдэж байлаа.
Дорно зүгт Польшийн Ерөнхий сайд Дональд Туск бүрэн эрхийнхээ хоёр дахь жилд томоохон саадтай тулгарсан нь тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг дэмжигч үндсэрхэг үзэлтэн таамаглаагүй ялалт байгуулсан явдал юм. Польшийн төсвийн алдагдал Европтоо хамгийн өндөр байгаа тул шинэ Ерөнхийлөгч бүрэн эрхээ ашиглан төсөвт хориг тавих магадлалтай байна.
Румын улс коммунизмаас ангижирснаасаа хойших улс төрийн хамгийн ноцтой хямралаас дөнгөж сэргэж байна. Өнгөрсөн онд болсон тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд хэний ч төсөөлөөгүй нэр дэвшигч ялалт байгуулсан нь ОХУ сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөв үү гэсэн хардлага үүсэж, улмаар хямрал руу хөтөлсөн юм.
"Bloomberg Economics" юу гэв?
Евро бүсийн хямралаас цар тахал, Украины дайн хүртэл 15 жил үргэлжилж буй "шок"-ийн мөчлөгт европчууд амьдарч байна. Үр дагавар нь Парламентын хуваагдал, намуудын туйлшрал, сонгогчдын үзэл санааны тогтворгүй байдал. Эдгээр динамикууд нь төсвийн хүндрэлтэй хавсарснаар Засгийн газрууд бодлогын томоохон өөрчлөлт хийж гүйцэтгэх чадамж улам хумигдаж байна.
Craig Stirling, Alessandra Migliaccio