
Зургийг: С.Батсайхан
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 айл, өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлэх боломжтой болоод байна. Шаардлага хангасан тохиолдолд хийгээр ажилладаг халаагуурын төхөөрөмжийг нэг удаа, үнэ төлбөргүйгээр суурилуулж буй бөгөөд хийн төхөөрөмж суурилуулсан айлуудад галлагааны улиралд 900 мянган төгрөгийн үнийн хэрэглээний урамшуулал олгохоор болоод байгаа юм.
Дотоодын газ импортлогч компаниудын импортын нөөц боломжийг харгалзан хийн халаагуур холбох айлуудын тоог тогтоожээ. Нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг бөгөөд өвлийн улиралд нэмэгдэх хандлагатай байдаг аж. Эдгээр айл, өрхөөс 32-50 мянгыг нь хийн түлшний хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөөд байна.
Монгол Улс жилд 46 мянган тонн хийн түлш хэрэглэдэг. Хатуу түлш хэрэглэдэг дээрх тооны айл, өрхийг хийн түлшинд шилжүүлснээр нийт хэрэглээ 100 мянган тонн болж нэмэгдэх аж. Гаалийн ерөнхий газрын наймдугаар сарын статистик мэдээллээр нефтийн хийн импорт өмнөх сараасаа 26.4 хувиар өссөн байна. Тухайлбал: оны эхний найман сард 56 мянга 400 метр куб нефтийн хий импортолж, 13.1 сая ам.доллар төлжээ.
Хийн түлш импортлогч аж ахуйн нэгжүүдээс “Гор газ” компани 4800 метр куб газ хадгалах багтаамжтай агуулахтай бөгөөд айлуудад хийн халаагуур залгах хүрээнд шинээр газны савнууд угсарч дууссан гэдгээ мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд жилд 50 мянган тонн газ хэрэглэж байгаагаас 30 орчим хувийг нь тус компани нийлүүлдэг байна. Харин “Дашваанжил газ” компанийн хувьд нийт зах зээлийн 40 хувийг хангаж байгаагаа мэдээлсэн юм.
Дэлхийн шингэрүүлсэн хийн холбооны Ерөнхийлөгч Жеймс Роукал “Хийн халаагуурт шилжихтэй холбоотойгоор иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт явуулах нь зүйтэй. Энэ хүрээнд цаашид талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх боломжтой” гэдгээ илэрхийлж байсан юм.