logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Жилд 85,000 унц алт олборлох “Баянхөндий” төсөл ашиглалтад орж, анхны алтаа Монголбанканд тушаалаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 15 16:00
    654

    Зургийг: Эрдэнэ Монгол - Баянхөндий төсөл

    “Баянхөндий” төслийн алтны нийт нөөц 513,700 унц бөгөөд жил бүр ойролцоогоор 85 мянган унц алт олборлох тооцоотой

    Баянхонгор аймаг дахь "Баянхөндий" төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Монгол Улсын Эрдэнэсийн санд тушаасныг “Эрдэнэ Монгол” ХХК мэдээллээ.

    Уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтцээс бүрдсэн уг цогцолборын бүтээн байгуулалт 22 сарын турш үргэлжилж, ийнхүү төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж байна. Ердөө 10 жилийн өмнө ордыг анх нээн илрүүлж, 2019 онд олборлолтын лиценз нь олгогдож байсан тус төслийн хөгжүүлэлт олон улсын жишигтэй харьцуулбал маш шуурхай явагдсан юм. 

    Төслийн хүрээнд олборлох алтны нийт нөөц 513,700 унц бөгөөд жил бүр ойролцоогоор 85 мянган унц алт олборлох төлөвлөгөөтэй байгаа аж. 

    Мөн хүдэр дэх алтны агуулга дөрвөн хувь, эрдэсжилтийн бүсийн дийлэнх нь гадаргаас 100 метр хүртэлх гүнд оршдог нь олборлолт, боловсруулалтын зардлыг бууруулах давуу тал болж буй. Одоогийн тогтоогдсон нөөцөөр тооцвол уурхайн олборлолт, боловсруулалт зургаан жил, хаалтын хугацаа нэг жил үргэлжлэхээр байгааг ТЭЗҮ-дээ тусгажээ. Мөн үйл ажиллагааны явц, систем жигдэрснээр уурхайн олборлолт 2025 оны IV улирлын эцсээр бүрэн хүчин чадалдаа хүрэх хүлээлттэй аж.

    Төслийн бүтээн байгуулалтад 60 гаруй байгууллагын 1400 гаруй ажилтан гар бие оролцсоны сацуу талбай дээрх нийт ажиллах хүчний 35 хувь нь Баянхонгор аймгийн иргэд болохыг “Erdene Resource Development” мэдээлж байв.

    Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Mongolian Mining Corporation” компани “Erdene Resource Development” компанитай стратегийн түншлэлээ албан ёсоор эхлүүлж, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн 50 хувийг эзэмших байдлаар нийт 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь бүтээн байгуулалт эрчимжихэд түлхэц болсон юм.

    unnamed.jpg

    "Баянхөндий" төслөөс олборлосон алтыг 100 хувь Монголбанканд, спот ханшаар тушаах тул Монгол Улсын гадаад валютын нөөцийг арвижуулахад дэм болохоор байна. Түүнчлэн олон улсын зах зээлд алтны үнэ он гарсаар 40 орчим хувиар өсөж, одоо ч түүхэн дээд цэгээ шинэчилсээр буй таатай үед төслийн үйлдвэрлэл эхэлж байна.

    Төслийн үйлдвэрлэл эхлэх хүлээлт Торонто болон Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш энэ онд цойлоход гол түлхэц болж буй. Монголын Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш 2025 он гарсаар хоёр дахин өсөж, зах зээлийн үнэлгээ нь их наядын босго даваад байна. 

    Cэтгэгдэл бичих