
Зургийг: David Paul Morris/Bloomberg
“Oracle” компани хиймэл оюуны зах зээл дэх шавхагдашгүй боломжийг батлан харуулсан орлогын төсөөллөө танилцуулснаар хөрөнгийн зах зээлд дээд амжилт эвдсэн өсөлттэй өдрүүдийг үдлээ.
Дата баазын программ хангамж үйлдвэрлэгч тус компани үүлэн технологийн үйлчилгээний бизнесээсээ даацтай орлого олох төсөөлөл танилцуулсан нь хиймэл оюуны эрэлт эрчтэй өссөөр буйн дохио болсон байна. Түүнчлэн “Oracle” хиймэл оюуныг ажиллуулах тооцооллын хүчин чадлын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг байсаар байна гэдгээ бататгасан хэрэг болжээ. Пүрэв гарагт тус компанийн хувьцааны ханш 42 хувиар өссөн нь 1991 оноос хойших нэг өдрийн арилжааны хамгийн огцом өсөлт нь болсны сацуу ханш нь түүхэн дээд түвшиндээ хүрч хаагджээ.
“Oracle”-ийн хувьцаа ийнхүү цойлсон нь тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, хамтран үүсгэн байгуулагч Ларри Эллисон “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн тэргүүн байрыг жил гаруйн турш хадгалсан Илон Маскийг хэсэг хугацаанд гүйцэж, дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг анх удаагаа тэргүүлэхэд түлхэц болжээ. Ларри Эллисоны хөрөнгийн хэмжээ пүрэв гарагт 101 тэрбум ам.доллароор өсөж, 393 тэрбум ам.доллар хүрснээр 385 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Илон Маскийг ардаа орхисон ч тэргүүллээ удалгүй буцаан алдсан байна. Хөрөнгийн хэмжээ нэг өдөрт ийм их дүнгээр нэмэгдэж байсан тохиолдол “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн түүхэнд үгүй аж.
“Oracle” яагаад онцгойров?
Сүүлийн хэдэн жилд “Oracle” үүлэн технологийн дэд бүтэц нийлүүлэгч болоход олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, компаниудад компьютер тооцооллын хүчин чадал болон интернэтэд суурилсан санах ой санал болгож эхэлсэн юм. Хиймэл оюун улам сонирхол татаж, стартапууд болон салбарын бусад фирмүүд илүү өндөр хүчин чадал, илүү их багтаамж эрэлхийлэх болсон нь “Oracle”-д ашиг тусаа үзүүлжээ.
“ChatGPT” анх гарсан 2022 оны 11 дүгээр сараас энэ оны есдүгээр сар хүртэлх хугацаанд “Oracle” компанийн хувьцааны ханш гурав дахин өсжээ. Сүүлд үүлэн технологийн бизнесийнх нь өсөлтийн төсөөлөл “Wall Street”-ийг гайхшируулж, хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжиж буй найдлага төрүүлснээр “Oracle”-ийн хувьцааны ханш дээд түвшнээ шинэчилсэн байна.
2025 оныг хэдийн амжилтаар дүүрэн өнгөрүүлж буй компанийн хувьд энэ нь баяр дээр баяр болжээ. Долоодугаар сард “Oracle” компани “OpenAI”-ийг 4.5 гигаваттын хүчин чадал бүхий дата төвийн үйлчилгээгээр хангах урьд байгаагүй том дүнтэй гэрээ байгуулсан юм. Үүний дээр “Nvidia”, “TikTok”-ийн толгой компани “ByteDance” зэрэг томчууд “Oracle”-ийн үүлэн технологийн үйлчилгээг авдаг. Эдгээр нь хоршсоноор тус компани “Amazon”, “Microsoft”, “Google”-тэй өрсөлдөх үүлэн технологи, дата төвийн гол нийлүүлэгч болон гарч ирж буйг харуулж байна.
Ларри Эллисон мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ойрын харилцаатай байж, намд нь удаан хугацаанд хандив өгсний үр ашгийг хүртжээ. Дональд Трамп нэгдүгээр сард албан тушаалаа авснаасаа хойш “Oracle”-д нэгээр тогтохгүй томоохон дэмжлэг үзүүлээд буй. Тухайлбал: хиймэл оюуны дэд бүтэц байгуулах “Stargate” хэмээх 500 тэрбум ам.долларын төсөлд Ларри Эллисон болон “Oracle” оролцохоор болсон юм. Мөн “TikTok”-ийн АНУ дахь бизнесийн тодорхой хувийг “Oracle” худалдан авахад дэмжлэг үзүүлэхээ Дональд Трамп илэрхийлж байлаа.