
Зургийг: Bloomberg TV Mongolia
Нийт 4.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа уул уурхайн 54 төслийг Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн сард жагсааж байв. Хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ч санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаа явуулаагүй тэдгээр төслийг “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний үеэр оролцогчдод танилцуулах аж.
54 төслийн 10 нь хайгуулын ажилд, 40 нь олборлолт ашиглалт эхлүүлэхэд, дөрөв нь баяжуулах, боловсруулах үйлдвэрлэл явуулахад хөрөнгө оруулалтын дутагдалд оржээ. Харин ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл алтны 23, шохойн чулууны найм, нүүрсний дөрөв, хайлуур жоншны гурван төслүүд байна.
Газрын ховор элементийн “Халзан бүрэгтэй”, хүрэн нүүрсний “Төгрөг нуур”, коксжих нүүрсний “Овоот”, зэс, молибдений “Цагаан суварга” зэрэг олны анхаарлыг татсан томоохон төслүүд дээрх жагсаалтад багтсан байгаа юм. АМГТГ-ын мэдээлснээр 2024 оны эцсийн байдлаар хүчин төгөлдөр 1759 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байснаас 956 нь үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд тэдгээрийн дийлэнх нь өнөөх л хөрөнгө оруулалтын асуудлаас болж гацаанд оржээ.
Сүүлийн таван жилийн байдлаар уул уурхай, олборлолтын салбарт нийт 56.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс 11.5 тэрбум ам.доллар буюу 41 их наяд гаруй төгрөг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт байгааг Монголбанк тайлагнасан. Түүнчлэн хайгуулын салбарт 2011 онд 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байсан бол өдгөө энэ тоо 90 гаруй хувиар буурсан байгааг Монголын Геологийн холбооноос мэдээлж байв.
Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын эрсдэлд татварын орчин, гадаад өр, улс төрийн тогтворгүй байдал, нүүрсний үнэ, эрчим хүчний нийлүүлэлт зэрэг нь өндөр нөлөөтэй байгааг Монголбанкны судалгаа харуулж байна.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Уул уурхайн 7 хоног” буюу “MiningWeek & MinePro 2025” арга хэмжээгээр шийдэл, гарц хайх гол сэдвүүдийн нэг нь энэ байх юм.