
Зургийг: Bloomberg
Дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн байр суурийн төлөөх өрсөлдөөнд Ларри Эллисон Илон Маск руу ойртож байна. Мягмар гарагт “Oracle” компани шинжээчдийн төсөөллөөс давсан улирлын тайлан танилцуулж, цаашид ч өсөх орон зай их болохыг мэдээлсний дараа Ларри Эллисоны хөрөнгийн хэмжээ 70 тэрбум гаруй ам.доллароор өсжээ.
Ингэснээр түүний нийт хөрөнгө 364 тэрбум ам.доллар хүрч, өдгөө 384 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Илон Маскийн араас тун ойрхон нэхэж эхэлснийг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна. Илон Маск 2021 онд дэлхийн хамгийн чинээлэг хүн болсныхоо дараа “Amazon”-ийн Жефф Безос, “LVMH”-ийн Бернар Арно нарт гүйцэгдэж байсан ч өнгөрсөн онд “титмээ” буцаан авч, 300 хоногийн турш тэргүүн байраа хадгалж байна.
Өгөгдлийн бааз, программ хангамжийн “Oracle” компанийг хамтран үүсгэн байгуулсан, өдгөө 81 настай Ларри Эллисон компанийнхаа ТУЗ-ийн дарга, Технологи хариуцсан захирлын албан тушаал хашдаг бөгөөд дийлэнх хөрөнгөө компанийнхаа хувьцаанаас бүрдүүлдэг аж.