logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Сибирийн хүч-2” хийн хоолой ОХУ, БНХАУ, Монгол Улс болон дэлхийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ?
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 10 19:07
    1631

    Зургийг: Bloomberg

    Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын "Gazprom", БНХАУ-ын "China National Petroleum Corp." компаниуд “Сибирийн хүч-2” байгалийн хий дамжуулах хоолойг барих санамж бичиг байгуулснаар ОХУ, БНХАУ-ын тал олон жилийн турш яриа хэлэлцээний түвшинд гацаад байсан тус үлэмж төслийг урагшлуулах өндөр магадлалтай болсон. Хийн хоолой тавигдсанаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгаас гадна дэлхийн байгалийн хийн нийлүүлэлтийн урсгалыг өөрчлөх төлөвтэй.

    “Сибирийн хүч-2” хэр том байх вэ?

    "Gazprom"-ийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер “дэлхийн хамгийн том, хамгийн их капитал шаардах байгалийн хийн төсөл болно" гэж тодорхойлж байв. Хоолой эхлэх Арктикийн тойргоос хоолой дуусах Хятадын эргийн том хотууд хүртэл 4000 км-ийн зай бий. Мөн зөвхөн ОХУ-ын газар нутгаар 2600 км, Монголын нутгаар 1000 км үргэлжлэхээр байгаа юм.

    Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхдээ “Сибирийн хүч-2” жилд 50 тэрбум куб метр хий дамжуулах тооцоо гарчээ. Энэ нь Балтын тэнгисээр дамждаг “Умардын урсгал-1”-тэй ойролцоо, мөн одоо байгаа “Сибирийн хүч-1” хоолойн дээд хүчин чадлаас 12 тэрбум куб метрээр илүү үзүүлэлт юм.

    Орост яагаад чухал вэ?

    2022 онд Украинд халдан довтолсных нь хариуд Европын орнууд ОХУ-аас авах байгалийн хийгээ эрс багасгасан. Үүнээс үүдсэн алдагдлыг нөхөхийн тулд дорно зүгт илгээх хийгээ нэмэгдүүлэх нь "Gazprom"-ийн хувьд их чухал. Европ 2021 онд тус улсаас 150 тэрбум орчим метр куб хий импортолж байсан бол 2025 он гарсаар энэ нь 90 гаруй хувиар буурчээ. Үүгээр зогсохгүй Европын Холбоо 2027 он гэхэд ОХУ-ын байгалийн хийн бүх төрлийн худалдан авалтаа зогсоохоор төлөвлөж буй.

    Шинэ хийн хоолой өмнө нь Европ руу гардаг байсан Баруун Сибирийн Ямалын талбайгаас олборлосон хийг Хятад руу дамжуулах юм. “Сибирийн хүч-2” бүрэн хүчин чадалдаа хүрснээр дайны өмнө ОХУ-аас Европт экспортолдог байсан хийн 1/3 орчмыг нөхөж чадах юм.

    Хятадад ямар ашигтай вэ?

    Хийн хоолойн төсөл нь БНХАУ-д хямд хийн урт хугацааны эх үүсвэр санал болгоно. Гэхдээ тус улсын хувьд энэ нь “байх шаардлагатай” бус “байхад зүгээр” төсөл гэхэд болно. “Сибирийн хүч-1” хоолойг барих хэлэлцээр хийгдэх үед БНХАУ-ын хийн эрэлт хоёр оронтой тоогоор өсөж байлаа. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг удааширч, нүүрс болон сэргээгдэх эрчим хүч тус улсын эрчим хүчний хэрэгцээний дийлэнхийг хангах болсноор байгалийн хийн эрэлтийн өсөлт нь нэлээн саарчээ.

    gaas.jpg

    Хийн ганц нийлүүлэгчээс хэт хамааралтай болохоос Бээжингийн эрх баригчид болгоомжилж байгаа. Хоолойгоор дамжуулах хийн экспортоор ОХУ БНХАУ-ын хамгийн том нийлүүлэгч нь бол шингэрүүлсэн байгалийн хийн экспортоор ОХУ нь Австрали, Катарын дараа гуравдугаарт ордог. 

    Гэхдээ “Сибирийн хүч-2” хоолой БНХАУ-д эрчим хүчний аюулгүй байдлаа улам бэхжүүлэхэд дэм болно. Ойрх Дорнодод тогтворгүй байдал нэмэгдэж нийлүүлэлт нь тасрах, АНУ-тай зөрчил хурцдах гэх мэт тохиолдолд хуурай газрын хоолой нь далайн тээвэрлэлтээс харьцангуй аюулгүй сонголт болох юм.

    Монголд яах вэ?

    Гацаанд орсон яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд идэвхийлэн оролцож, гурван улсын уулзалт зохион байгуулахыг уриалж байлаа. Хоолойгоор дамжих хийнээс худалдан авч, Улаанбаатар хотын халаалтын хэрэгцээнд ашиглах замаар агаарын бохирдлыг бууруулах нь Монголын талаас нээлттэй илэрхийлж буй зорилго.

    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Gazprom-ийн Гүйцэтгэх захирал Алексей Миллерийг хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд хамтран ажиллах тухай санамж бичиг тус компанитай байгуулсан юм. “Хийн хоолойг зөвхөн газар нутгаараа өнгөрүүлэх бус, хийг худалдан авч хэрэглэх, цаашлаад Монголын хотуудыг энэхүү хийн хоолойтой холбох боломж бий” хэмээн тэрбээр чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдааны үеэр онцолжээ.

    Бусад зах зээлд юу гэсэн үг вэ?

    Шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) хамгийн том импортлогч улс нь БНХАУ тул “Сибирийн хүч-2” хоолой баригдсанаар далайн тээврээр авах LNG-ийн эрэлт нь буурах магадлалтай. Шинэ хоолойн нийлүүлэлт эхэлж, мөн одоо байгаа хоёр хоолойг өргөтгөснөөр БНХАУ-ын LNG-ийн жилийн нийт хэрэгцээний 40 гаруй хувийг орлох боломжтой гэж "BloombergNEF" мэдээлжээ. 

    БНХАУ LNG-ийн худалдан авалтаа багасгавал Ази болон Европын бусад импортлогчдод ногдох нийлүүлэлт нэмэгдэж, улмаар үнэ нь буурахад нөлөөлж болно. Энэ нь импортлогчдын хувьд сайн мэдээ бол экспортлогчдын хувьд цаашдын хөрөнгө оруулалтын шийдвэрт нь нөлөөлөхүйц саар мэдээ. Дэлхийн LNG-ийн зах зээлд ойрын хэдэн жилд нийлүүлэлтийн илүүдэл үүсэх төлөв аль хэдийн ажиглагдаж эхэлсэн бөгөөд “Сибирийн хүч-2” хэрэв 2030-аад онд ашиглалтад орвол энэхүү үнэ, нийлүүлэлтийн асуудал улам тэлэх нь. 

    Cэтгэгдэл бичих