logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Энэ өвөл 306 мянган тонн хагас коксон түлш импортолж, агаарын бохирдлыг 45-50 хувь бууруулна гэж тооцоолжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 09 16:50
    271

    Зургийг: Э.Тэнгис

    Галлагааны улирал эхлэх гэж буй энэ үед Улаанбаатар хотын хэмжээнд 400 цэгт сайжруулсан түлш болон хагас коксон нүүрс худалдаанд гаргахаар болсныг НЗДТГ мэдээллээ.

    Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг хориглож, зөвхөн мидлинг, хагас коксон түлш хэрэглэх юм. Монгол Улсын болон олон улсын лабораториудаас ирсэн дүгнэлтэд үндэслэн энэ арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд үр дүнд нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гарсныг албаныхан хэлж байна.

    Сайжруулсан түлш буюу мидлинг түлшийг есдүгээр сарын 15-наас эхлэн худалдах бол аравдугаар сарын 1-нээс хагас коксон түлш худалдаалах аж. Энэ өвөл нийт 40-45 мянган тонн сайжруулсан түлш, мөн импортын 306 мянган тонн хагас коксон түлш худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Дотооддоо коксжсон нүүрсний үйлдвэр барих судалгаа хийж байгаа бөгөөд хэрвээ баривал төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.

    Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд энэ намар 5000 өрхийг хийн халаалт руу шилжүүлж байгаа юм. Тухайн өрхүүдийн хэрэглээний зардалд нэг өрхөд 900 мянган төгрөгийн татаас олгох зохицуулалт хийж байгаагаа НЗДТГ мэдээлж байв.

    Судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд 172 мянган айл, өрх нүүрс түлдэг. Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслээс, 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй байдаг аж.

    fdsvcxvcxvcx.jpg

    Юм шатааж л байгаа бол утаа гарах нь тодорхой тул түлшийг шинэчиллээ гээд агаарын бохирдол бууруулахад төдийлөн үр дүнд гарахгүйг судлаачид хэлдэг. Түүхий нүүрсийг орлуулахаар хэрэглээнд нэвтрүүлсэн сайжруулсан шахмал түлш нь шийдэл гэхээсээ илүү эрсдэл дагуулж, угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдлууд огцом нэмэгдсэн. Сүүлийн найман жилд угаарын цочмог хордлогын 12 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 2024 онд л гэхэд 41 хүн угаартаж нас барсныг НЭМҮТ-ийн бүртгэл харуулж байна.

    Цаашлаад Монгол Улсад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байгаагийн 240 нь 0-5 хүртэлх насны хүүхэд байна гэх тоог ХЭҮК өнгөрсөн оны “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д онцолж байлаа.

    Cэтгэгдэл бичих