
Шу-Сарысу
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын геологичдын гурван жил явуулсан судалгааны үр дүнд зэс, молибдений “Оюут” ордыг ашиглахад бэлэн болжээ. Орхон аймгийн Жаргалант сумын нутаг, Эрдэнэтийн овоо ордоос найман км-ийн зайтай орших тус ордыг хайгуулын урьдчилсан үр дүнгээр 0.32 хувийн зэсийн агуулга бүхий 357 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоосныг Засгийн газар мэдээлсэн байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар тус ордыг ашиглалтад бэлтгэх үйл ажиллагаатай танилцаж, ордод түшиглэн жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах үүрэг, даалгавар өгсөн байна. Энэ тооцооллоор авч үзвэл “Оюут” ордыг 30-35 жил ашиглах юм. Харин Эрдэнэтийн орд газрын нөөцийг 55 жил ашиглахаар ТЭЗҮ-д баталгаажуулсны дээр “Оюут”ордын нөөц нэмэгдэхээр болж байна.
Үүнээс гадна “Ivanhoe Mines” компани Казахстан улсын Шу-Сарысугийн хотгорт хийсэн хайгуулын үр дүнд зэсийн томоохон орд илрүүлснээ мэдээлсэн байна. Тус компани Их Британийн “Pallas Resources”-тай хамтран 16 мянган км.кв хэмжээтэй талбайд хайгуул хийж буй. Шу-Сарысугийн өмнөд хэсэгт оршдог “Мерке” талбайгаас олдсон дээрх ордын гадарга дээрх 20 метрийн зузаантай эрдэсжилтийн бүсээс хэд хэдэн дээж авахад 1-5 хувийн зэсийн агуулга илэрчээ.
Шу-Сарысугийн хотгор нь нийт 27 сая тонн зэсийн тогтоогдсон нөөцтэй бөгөөд дахин 25 сая тонн илрээгүй нөөц бий гэж АНУ-ын Геологийн судалгааны газар (USGS) тооцоолсон байна. Хэдий олборлолтын нөөц боломж асар их ч тус сав газарт сүүлийн 40 жилийн турш шинэ хайгуулын ажил явагдаагүй байсан байна.