logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    I-VIII сард зэсийн баяжмал, хүдрийн экспорт 40 хувиар нэмэгдсэнээр нүүрсний орлогыг тодорхой хэмжээнд нөхөв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 08 09:00
    851

    Зургийг: С.Батсайхан

    Нүүрсний экспортын орлогын буурах шалтгааны 80 гаруй хувь нь хилийн үнээс хамаарч буй

    Монгол Улсын экспортын орлого 2025 оны эхний найман сард өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.5 тэрбум ам.доллароор буурсан байна. Ингэснээр гадаад худалдааны ашиг 1.8 дахин буурч, 1.6 тэрбум ам.доллар болжээ.

    Оны эхний хагаст БНХАУ-д коксжих нүүрсний үнэ унаж, экспортын орлого шалдаа буусны нөлөөлөл гадаад худалдааны ашгийг доош татсан хэвээр байна. Азаар VII, VIII сард нүүрсний эрэлт сэргэж, арилжаа эрчээ авсан бөгөөд наймдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын экспортолсон нийт нүүрс 49.4 сая тонн хүрчээ.

    unnamed.png

    Мөн тайлант хугацаанд зэсийн баяжмал, хүдрийн экспорт 40 гаруй хувиар нэмэгдсэн тул нүүрсний орлогыг тодорхой хэмжээнд нөхөж чадсан байна. Нийт 9.1 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсноос 74.4 хувийг нь зэсийн хүдэр, баяжмал, нүүрсний экспорт бүрдүүлжээ.

    2025 онд Монгол Улс 90 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж, 2026 оны төсвийн төсөлд мөн энэ  хэмжээг өөрчлөлтгүй тусгаад байгаа юм. Нүүрсний экспортын орлогын буурах шалтгааны 80 гаруй хувь нь хилийн үнээс хамаарч буйг Төв банк мэдээлж байв.

    VII болон VIII сард Монголын Хөрөнгийн биржид явагдсан дуудлага арилжааны дийлэнх нь амжилттай болж, энэ онд арилжаалагдсан нийт нүүрсний 70 гаруй хувь нь зөвхөн энэ хоёр сард арилжаалагджээ. Харин есдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар арилжааны эрч саарч, 202 мянган тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.

    Одоогоор “Энержи Ресурс” ХХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний арилжаа өндөр идэвхтэй үргэлжилж байна. Тухайлбал: “Энержи Ресурс” компани 90 мянган тонн нүүрс, "Эрдэнэс Тавантолгой” 51 мянган тонн нүүрс тус тус арилжжээ.

    Cэтгэгдэл бичих