
Зургийг: Viktor Fedyunin / Kazinform
Казахстан улс Монгол, Нигери болон Конго улсын захиалгаар гурван ширхэг хиймэл дагуул үйлдвэрлэж, 70-75 сая ам.долларын орлого олохоор байгааг “Kazinform” агентлаг мэдээлжээ. Тус улс одоогоор зургаан шинэ хиймэл дагуул хөгжүүлж байгаагаас гурвыг нь экспортлохыг Казахстаны Цахим хөгжил, инновац, сансрын үйлдвэрлэлийн дэд сайд Малик Олжабеков мэдээлсэн байна.
Өнгөрсөн онд БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тус улсын "Казакстан Гарыш Сапары” компани болон Монголын "АйСиТи Групп" тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх чиглэлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан юм.
Хиймэл дагуулуудыг "Казакстан Гарыш Сапары”-ийн 72 хувийн эзэмшил бүхий "Galam" компани үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд тэдгээрийн дөрөв нь тандан судлалын зориулалттай бол хоёр нь гадаргын 3D мэдээлэл цуглуулах радарын хиймэл дагуулууд аж.
"Хиймэл дагуулуудын үйлдвэрлэлийг 2026 оны эцэс гэхэд дуусгаж, 2027 оны эхээр хөөргөх хүлээлттэй байна. Харин үлдсэн гурван хиймэл дагуул 2028, 2029 он гэхэд бэлэн болно" хэмээн Малик Олжабеков онцолж байна.