
Зургийг: С.Батсайхан
Есдүгээр сарын байдлаар хоёр өрөө орон сууцны нэг сарын түрээсийн үнэ Улаанбаатар хотод 1.5 сая төгрөгөөс 3.2 сая төгрөгийн хооронд байгаа нь өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй байгааг Unegui.mn-ийн мэдээллээс харж болохоор байна.
Тайлант хугацаанд гурван өрөө орон сууцны хувьд 1.5 сая төгрөгөөс дөрвөн сая төгрөг байгаа нь үл ялиг өссөн бол нэг өрөө орон сууцны үнэ 900 мянган төгрөгөөс эхэлж байгаа нь 300 мянга орчим төгрөгөөр нэмэгдсэн дүн болж байна.
Байршлаар нь харвал Нисэх, 21-р хороолол, Улаанхуаран зэрэг хотын зах руу түрээсийн үнэ хямд, хотын төвд болон бүрэн тавилгатай байрны үнэ өндөр байна.
Ингэхдээ зөвхөн Unegui.mn сайтад орон сууц түрээслүүлэх 8400 орчим илэрц байгаагаас 44.3 хувь нь хоёр өрөө орон сууц, 33.2 хувь нь гурван өрөө орон сууц байна. Харин нэг өрөө орон сууцны зар нийт зарын 7.7 хувийг эзэлж байгаа юм.
Үүнээс гадна түрээсийн орон сууцны зуучлагч нарын төлбөрийн нөхцөлийг харвал “Re/Max Mongolia” компанийн агентуудын төлбөр тухайн орон сууцны түрээсийн нөхцөлөөс хамааран хэлбэлздэг. Тухайлбал: зургаан сараар төлбөрөө авах бол зуучлагчид эхний хоёр сарын төлбөрийг бүрэн өгөх нөхцөлтэй. Харин дотоодын компаниудын хувьд эхний нэг сарын төлбөрийг авах зэрэг нөхцөлтэй байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр энэ оны I улирлын байдлаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын 302 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа нь нэг жилийн хугацаанд наймаар буурсан үзүүлэлт боллоо. Мөн брокерын тоо 1.2 хувиар, агентын тоо 7.1 хувиар тус тус буурчээ.
Тайлант хугацаанд 1912 хэлцлээр 150 мянган м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 58.9 тэрбум төгрөгөөр түрээслүүлэх үйл ажиллагааг зуучилсан байна. Үүнээс 3.8 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого олжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад талбайн хэмжээ 4.7 хувиар буурсан бол түрээсийн үнийн дүн 13.4 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.