
Зургийг: Juan Valle Valle/UNCCD COP17
2026 оны төсвөөс байгаль орчны салбарт хийх хамгийн том хөрөнгө оруулалт нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-д зориулсан бүтээн байгуулалт байна.
Тус хурлын барилга байгууламж, тоног төхөөрөмж худалдан авахад 2026 оны төсвийн төсөлд нийт 217.1 тэрбум төгрөг тусгасан бол хурлын бэлтгэл ажил хангах, мэдээлэл түгээх, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах зэрэгт 39.5 тэрбум төгрөгийн урсгал зардал тусгажээ.
Ирэх оны наймдугаар сарын 16-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд 7-10 мянга орчим гаднын зочин, төлөөлөгч оролцоно гэж тооцоолж байна.
2026 онд Байгаль орчны сайдын төсвийн багц 442 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн нь өмнөх оноос 70 орчим хувиар нэмэгдсэн дүн бөгөөд үүнээс урсгал зардал нь 192.4 тэрбум төгрөг байна.
Салбарын хөрөнгө оруулалтын хувьд ирэх онд ойжуулалт, газрын доройтлыг бууруулах, усны нөөц, гол мөрний менежмент, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, агаарын бохирдол зэрэг үндсэн зургаан хөтөлбөрийн хүрээнд төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнээс дөрвөн аймгийн төвд ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэх бол 10 аймгийн төвд цаг уурын харуулын барилга барина. Ингэснээр барилга, байгууламжид нийт 157.2 тэрбум төгрөг, тоног төхөөрөмж худалдан авахад 91.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.