
Зургийг: Dhiraj Singh/Bloomberg
БНЭУ-ын Төрийн өмчит, ган үйлдвэрлэгч “JSW Steel” компани Монгол Улсаас коксжих нүүрс импортлох төлөвлөгөөгөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Далайд гарцгүй Монгол Улсаас нүүрс авахад логистикийн томоохон саадууд тулгарсан тул энэ шийдвэрийг гаргаснаа тус компанийн Гүйцэтгэх захирал Жаянт Ачаря Энэтхэгийн “PTI” агентлагт мэдээлжээ.
"Нүүрсний альтернатив эх үүсвэрээр Монгол Улсыг судалж байсан ч тээвэрлэлтийн асуудал их байна. Логистикийн хувьд эдийн засгийн үр ашиггүй учраас энэ төлөвлөгөөг хойшлууллаа" хэмээн тэрбээр ярьсан байна.
Энэтхэг улс нь гангийн үйлдвэрлэлээр дэлхийд БНХАУ-ын дараа хоёрдугаарт бичигддэг. Хэдий тийм боловч ган үйлдвэрлэлд ашиглах түүхий эдийн хувьд тус улс импортоос өндөр хамааралтай. Одоогоор БНЭУ коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 80-90 хувийг Австрали зэрэг улсын нийлүүлэлтээс бүрдүүлдэг байна.
Гол нийлүүлэгч Австралиас далайгаар нүүрс тээвэрлэн авахад олон долоо хоног саатаж, үүнийг дагаад үйлдвэрлэгчдэд логистикийн зардал нэмэгддэг тул БНЭУ-ын Засгийн газар сүүлийн жилүүдэд коксжих нүүрсний импортоо төрөлжүүлэх боломж эрэлхийлж байгаа аж.