
Зургийг: president.mn
Сүүлийн жил хагасын хугацаанд зогсонги байдалд орж, хувь заяа нь тодорхойгүй болоод байсан “Сибирийн хүч-II” хоолойн төсөл урагшлахаар боллоо.
Жилд 50 тэрбум
Мягмар гарагт Бээжин хотод болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтаар ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх "Сибирийн хүч-II" хоолойн төслийг хэрэгжүүлэх эцсийн тохиролцоонд хүрсэн байна.
Уулзалтын дараа "Сибирийн хүч-II" хоолой болон Монголын нутгаар тавигдах “Союз-Восток” дамжин өнгөрүүлэх хийн хоолойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх санамж бичигт ОХУ-ын “Gazprom”, БНХАУ-ын “CNPC” компани төлөөлөн гарын үсэг зурсныг “Gazprom” компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер сэтгүүлчдэд хэлжээ.
Төсөл хэрэгжсэнээр 30 жилийн турш жил бүр 50 тэрбум хүртэлх шоо метр хийг ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д нийлүүлэх боломж бүрдэнэ хэмээн тэрбээр нэмж дурдсаныг “Interfax” агентлаг мэдээлсэн байна.
Үүнээс гадна одоо байгаа "Сибирийн хүч" хоолойгоор нийлүүлэх хийн хэмжээг жилийн 38 тэрбум шоо метрээс 44 тэрбум шоо метр болгон нэмэгдүүлэхээр ОХУ, БНХАУ-ын талууд тохиролцсон аж.
Хариултгүй асуултууд үлдэв
Гурван улсын тохиролцооны талаар мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газраас баталгаажуулсан бол БНХАУ-ын Засгийн газар, Төрийн хэвлэлүүд хараахан баталгаажуулаагүй байна. Мөн нийлүүлэх хийн үнэ болон хэмжээний асуудалд ОХУ, БНХАУ-ын тал тохиролцсон эсэх, бүтээн байгуулалт явагдах хугацаа, санхүүгийн нарийн тооцоо зэрэг бусад чухал мэдээллүүд тодорхойгүй хэвээр байгаа юм.
БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлж, эрчим хүчний бүтээгдэхүүний импортын хамгийн том зах зээлд улам ойртохын тулд "Сибирийн хүч II"-ийн хэлэлцээрийг хийх нь Кремлийн урт хугацааны гол зорилтуудын нэг байлаа. 2022 оны Украинд халдан довтолсных нь дараа тус улсын Европт гаргах хийн экспорт нь өдгөө эрс буурсан бөгөөд 2027 он гэхэд бүрэн тасрах ч боломжтой юм.
Өмнө нь Монгол Улсын Засгийн газраас хийн хоолойн төслийг хөдөлгөх асуудлаар гурван талт уулзалт зохион байгуулахыг уриалж байсан бол БНХАУ-ын тал яриа хэлэлцээнд төдийлөн яарахгүй байлаа. Харин энэ удаа санамж бичиг байгуулснаар гурван улс төслийг хэрэгжүүлэхээр зорилгоо нэгтгэж байгаа гэсэн үг юм.
Төрийн тэргүүн нарын уулзалтаар мөн БНХАУ, ОХУ-тай эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа Монголын талаас илэрхийлж, мөн уг хөтөлбөрийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгажээ.