
Зургийг: Bloomberg/Kyodo News/Getty Images
Тяньжин хотноо болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалт нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний засаглалын хугацаан дахь хамгийн өндөр ач холбогдол бүхий дипломат чуулгануудын нэг боллоо. Тэрбээр БНХАУ түнш орнууддаа хийх хөрөнгө оруулалт, зээл тусламжаа өсгөхөөр болсныг мэдэгдсэний сацуу ОХУ-БНХАУ-ын тэргүүлсэн ШХАБ-ыг улам нягтруулж, олон улс дахь Бээжингийн нэр нөлөөг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцууллаа.
¥12 тэрбумын зээл
БНХАУ энэ онд ШХАБ-ын гишүүн орнуудад хоёр тэрбум юань буюу 275 сая ам.долларын буцалтгүй зээл олгох бол ирэх гурван жилд гишүүн орнуудын банк хоорондын консорциумаар дамжуулан нэмэлтээр 10 тэрбум юанийн зээл олгохыг Ши Жиньпин даваа гарагт уулзалтын үеэр зарлав. Мөн тэрбээр БНХАУ-ын 2010 оноос хойш санал болгосоор ирсэн ШХАБ-ын Хөгжлийн банкийг “аль болох ойрын хугацаанд” байгуулахаар гишүүн орнуудтай тохиролцож, хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Олон улсын худалдааны урсгал тасалдаж, бүс нутгийн шинжтэй зөрчил мөргөлдөөн эрчимжсэн олон улсын байдал хурцадмал цаг үед ШХАБ-ын энэ оны чуулган болж буй. Хуралдааны үеэр үг хэлэхдээ Ши Жиньпин үндэстэн хоорондын тэгш байдал, хууль дээдлэх ёсыг хангах зорилготой “Даян дэлхийн засаглалын санаачилга” хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн. Мөн тэрбээр гишүүн орнуудын удирдагчдад хандан “Хүйтэн дайны үеийн сэтгэлгээ, бүлэгт хуваагдсан дайсагнал, дээрэнгүй бодлогыг сөрж эсэргүүцэх”-ийг уриалсан бөгөөд ингэхдээ аливаа улсын нэр цохоогүй ч АНУ-д хандан хэлж буй нь тодорхой байлаа.
Энэтхэгийн тоглолт
Дональд Трампын засаг захиргааны хүчтэй шахалтад өртөх болсон БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди БНХАУ, ОХУ-ын удирдагчидтай халуун дотноор уулзалдаж, хоёр улстай харилцаагаа ойртуулахад том ахиц гарсныг тэмдэглэлээ.
БНЭУ, ОХУ нь хүнд хэцүү цаг үед нэгнээ түшиж тулах “тусгай” харилцаатай улсууд болохыг тэрбээр Владимир Путинтэй уулзахдаа онцолж байв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийг ОХУ-аас газрын тос худалдан авч, Украинд явуулж буй дайныг нь санхүүжүүлж байна хэмээн буруутгаж өнгөрсөн долоо хоногт тус улсын бараа, бүтээгдэхүүнд нь 50 хувийн тариф ногдуулаад буй ч Нарендра Моди энэ уулзалтаараа ОХУ, БНЭУ-ын харилцаа нягт хэвээр үлдэх дохио өглөө гэж ажиглагчид үзэж байна.
Нарендра Моди мөн Ши Жиньпинтэй уулзаж, нийт 2.8 тэрбум хүн амтай хоёр улс “өрсөлдөгчид бус түншүүд” байх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Мөн харилцаагаа дахин шинээр эхлүүлэх ажлын эхлэл болгож хоёр улс хоорондын шууд нислэгийг сэргээхээр шийдвэрлэжээ.
Өнөөдөр чухал уулзалтууд болно
БНХАУ-д нийт дөрвөн хоног саатах ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ мягмар гарагт Засгийн газрынхаа ихэнх сайд нар, компанийн захирлуудаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүний хамт Бээжинд хүрэлцэн очиж, Ши Жиньпин болон бусад өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийхээр байна. Хоёр удирдагч бүс нутгийн болон олон улсад тулгараад буй гол асуудлууд, тэр дундаа Украины хямралыг шийдэх асуудлаар ярилцахыг Владимир Путины зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ.
Харин хоёр талт уулзалтаар “Сибирийн хүч-II” хий дамжуулах хоолойн төсөлтэй холбоотой дорвитой шийдвэрт хүрэхгүй байх магадлалтайг “Reuters” онцолсон байна. Монголын нутгаар дайрах 13.6 тэрбум ам.долларын өртөг бүхий тус хоолойн төслийг урагшлуулах талд ОХУ, БНХАУ-ын яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон бөгөөд БНХАУ-ын тал одоо байгаа “Сибирийн хүч” хоолойгоор ОХУ-аас авах хийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг зорьж буйг салбарын ойрын эх сурвалж “Reuters”-т мэдээлсэн аж.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ. Тэрбээр "Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ШХАБ-ын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн"-ийг дурдав.
Мөн Монгол Улс бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр ложистикийн чухал зангилаа болох “Транзит Монгол” зорилтыг дэвшүүлж, ОХУ, БНХАУ-тай хамтран авто болон төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төсөл, мөн байгалийн хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг онцлоод ШХАБ-ын гишүүн бүх оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдтэй гурван талт уулзалт хийх товтой байна. Хөрш гурван улсын удирдагчдын уулзалт хамгийн сүүлд гурван жилийн өмнө болж байв.
Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, БНЭУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Вьетнам, Малайз, Индонез, Лаос, Камбож, Туркменистан, Египет, Мальдив, Балба зэрэг улсын Төр, Засгийн газрын тэргүүн нар оролцлоо.
Харин есдүгээр сарын гурванд Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх цэргийн парад Тяньаньмэний талбайд болж, 26 улсын Төрийн тэргүүн оролцоно.