logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийн улс төр, эдийн засгийн өнөөгийн дэг журмыг сөрөгч хүчнийхний завгүй 7 хоног айсуй
    Нийтэлсэн огноо: 2025 оны 08 сарын 29 09:00
    1116

    Зургийг: Bloomberg

    Геополитикийн зөрчил мөргөлдөөн, "Худалдааны дайн" улс орнуудыг гадаад харилцаагаа урьд урьдынхаас илүү торгон мэдрэмжээр зохицуулахад хүргээд буй.

    АНУ давамгайлсан өнөөгийн дэлхийн дэг журмыг сөрөх зорилго өвөрлөсөн орнуудын удирдагчид ирэх долоо хоногт дараалсан чухал дипломат арга хэмжээнүүдээр уулзалдах гэж байна.

    ШХАБ-ын дээд түвшний уулзалт (Тяньжинь, VIII сарын 31-IX сарын 1)

    ОХУ, БНХАУ-ын тэргүүлсэн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын энэ оны уулзалтад 20 гаруй улсын удирдагч, төлөөлөгчид оролцоно. ОХУ-д газрын тос нийлүүлснийхээ хариуд Дональд Трампаас 50 хувийн тариф хүртэж, хажуугаар нь багагүй хугацаанд дайсагналцсан БНХАУ-тай харилцаагаа эрс бүлээсгээд байгаа БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди энэ удаагийн чуулганы онцлох зочин байх нь. Мөн БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоан, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нар оролцох аж.

    БНХАУ-ын Гадаад хэргийн яамны зүгээс “Үндэсний эрх ашгаа бусдын эрх ашгаас дээгүүр тавихыг зорьдог тодорхой нэгэн улсын ёс суртахуунаас огт өөр, Хүйтэн дайны үеийн хоцрогдсон сэтгэлгээг ардаа орхисон” хэмээн уг чуулганыг тодорхойлж, товчхондоо АНУ-ыг чиглэсэн битүүхэн цохилт өгчээ.

    Уулзалтаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин бусад гишүүн орны удирдагчдын хамт Тяньжиний тунхагт гарын үсэг зурж, ШХАБ-ын ойрын 10 жилийн хөгжлийн стратегийг батлах юм байна.

    Үүнээс гадна Армени, Азербайжан улс чуулганыг угтан ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох хүсэлтээ гаргасныг Арменийн Гадаад хэргийн сайд Арарат Мирзоян мэдээлжээ.

    Дорнын эдийн засгийн форум (Владивосток, IX сарын 3-6)

    10 дахь удаагаа зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн форумд 36 улсын 6000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор байгааг TASS агентлаг мэдээлж байна. "Дэлхийн эдийн засгийн үйл ажиллагааны төв Ази, Номхон далайн бүс рүү улам шилжсээр байгаа энэ үед дэлхийн энэ хэсгийн улс орнууд хоорондоо харилцан ашигтай харилцаа холбоо тогтоох шинэ боломжууд гарч ирж байна” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Алс Дорнодын бүсэд хөрөнгө оруулалт татах зорилготой тус форумын ач холбогдлын талаар онцолжээ.

    2025 оны форум “Алс Дорнод: Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдах аж. 2015 оноос хойш тус форум 29 их наяд рублийн дүн бүхий 2480 гэрээ хэлэлцээр байгуулагдах нөхцөл бүрдүүлснийг албан ёсны сайтад нь мэдээлжээ.

    Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойн парад (Бээжин, IX сарын 3)

    unnamed (1).jpg

    26 улсын Төрийн тэргүүн уригдсан жагсаалын үеэр Бээжин хотын тэнгэрийг цэлмэг байлгахын тулд БНХАУ ойр орчмын ган, төмөрлөгийн үйлдвэрүүдийн ажиллагааг хязгаарласан гэдгээс хэр том ач холбогдол өгч буй нь харагдана.

    Арга хэмжээнд уригдсан БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарт дахин уулзалдах боломж тохиож буй. Харин Ким Жон Ун, Ши Жиньпин нар 2019 онд, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох уриалга ид хүчээ авч байх үед Бээжинд болон Пёньяанд уулзсанаасаа хойш дахиж таараагүй байгаа.

    Парадын үеэр БНХАУ хөлөг онгоц эсэргүүцэх систем, агаарын хамгаалалтын систем, байлдааны дрон, далавчит болон баллистик пуужин зэрэг сүүлийн үеийн зэвсгүүдээ үзүүлж, батлан хамгаалахын ололт амжилтаа гайхуулах төлөвтэй.

    Монгол Улсын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалт болон Ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох бол Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн форумд оролцоно.

    Cэтгэгдэл бичих