
Зургийг: Bloomberg/White House
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Цагаан ордонд зочлохоос хэдхэн цагийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнтэй хийх уулзалт нь ширүүн байх дохио өгсөн пост сошиал хуудастаа оруулжээ.
"БНСУ-Д ЯГ ЮУ БОЛООД БАЙНА АА? Цэвэрлэгээ ч юм шиг, хувьсгал ч юм шиг. Бид үүнийг нь хүлээн зөвшөөрөөд тэнд бизнес хийнэ гэдэг боломжгүй" хэмээн тэрбээр даваа гарагийн өглөө бичсэн байна.
Үүгээрээ Дональд Трамп БНСУ-ын өмнөх Ерөнхийлөгчийг улсдаа онц дэглэм тогтоосон үндэслэлээр албан тушаалаас нь огцруулж, ээлжит бус сонгуулиар одоогийн Ерөнхийлөгчийг томилсон үйл явдлыг илэрхийлсэн бололтой. Пост орсон даруйд Дональд Трамп энэ онд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса нарыг Зууван танхимд хатуу үгээр зэмлэсэн шигээ БНСУ-ын Ерөнхийлөгчийг ч мөн адил таагүй угтах гэж байна гэсэн болгоомжлол үүссэн юм.
"Владимир Зеленскийд тохиолдсон зүйл давтагдах нь гэж манай албаныхан санаа зовниж байсан" хэмээн И Жэ Мён Дональд Трамптай уулзсаныхаа дараа Вашингтонд АНУ-ын Стратеги, Олон Улс судлалын төвийн форумд оролцохдоо онцолсон байна. Иймд таагүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийн тулд хэдэн долоо хоногийн турш "гэрийн даалгавар" хийж, уулзалтад сайн бэлтгэлтэй, өөртөө итгэлтэй орсноо тэрбээр хуваалцжээ.
"Би Ерөнхийлөгч Дональд Трампын "Хэлэлцээ хийх урлаг" номыг уншсан. Хэлэлцээ хийхдээ тэр эхлээд өрсөлдөгч нь зөвшөөрөхөд бэрх нөхцөл тавих техник ашигладаг. Гэхдээ хэлэлцээний эцсийн шатанд учир утгатай үр дүнд хүрч чаддаг" гэсэн байна.
Энэхүү стратеги нь үр дүнгээ өгсөн бололтой, хоёр Ерөнхийлөгчийн уулзалт халуун дулаан уур амьсгалтайгаар өндөрлөсөн юм. Талууд БНАСАУ-ын асуудал, харилцан аюулгүй байдал, усан онгоцны үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагаанд санал нэгдэж, өөдрөг хүлээлт илэрхийлж байв. Хэдий тийм боловч Дональд Трамп БНСУ-д тогтоосон тарифын хувь хэмжээг хэвээр хадгалах байр сууриасаа ухраагүй билээ.