
Зургийг: Bloomberg/Netflix
Охидын K-Pop хамтлагийн тухай өгүүлдэг, мюзикл анимэйшн төрлийн "KPop Demon Hunters" бүтээл “Netflix” платформ дахь бүрэн хэмжээний кинонуудаас үзэлтийн тоогоор дээд амжилт эвдсэнийг тус компани мэдээллээ.
Зургаадугаар сарын 20-нд дэлгэцнээ гарснаасаа хойш тус киноны нийт үзэлт 236 сая хүрснээр өмнө нь тэргүүлж байсан 2021 оны "Red Notice" киноны амжилтыг давсан байна.
Үүнээс гадна “Netflix” компани наймдугаар сарын 23, 24-ний амралтын өдрүүдэд "KPop Demon Hunters"-ийг цөөн тооны кино театруудад гаргасан нь ховорхон амжилт олж, орлогоороо АНУ, Канадын “Box Office”-ийг тэргүүлсэн юм. Киноны дуунууд нь ч мөн байлдан дагуулж, мягмар гарагийн байдлаар таван дуу нь “Spotify” платформын тэргүүлэх 10 дууны жагсаалтад багтжээ.
“Sony Pictures Animation” компанийн бүтээл "KPop Demon Hunters" ийнхүү таамаглал эвдсэн амжилтад хүрсэн нь “Netflix”-д олон улсыг хамарсан томоохон франчайз бий болгох, үргэлжлэл анги, мерчандайз зэрэг орлогын шинэ эх үүсвэрүүд нээх боломж гаргаж өгч байна. Мөн цаашид хүүхдэд чиглэсэн, анимэйшн уран бүтээлийн бизнест тэлэх бат бөх суурь нь болох юм.