logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын шинэ 5 жилийн төлөвлөгөө нүүрсний хувь заяанд нэн чухал нөлөө үзүүлэх нь...
    Нийтэлсэн огноо: 2025 оны 08 сарын 27 09:05
    775

    Зургийг: Na Bian/Bloomberg

    Оны эхний хагас жилийн байдлаар БНХАУ-ын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадалд нүүрсний цахилгаан станцын эзлэх хувь хэмжээ 51 хувь болж өсжээ

    БНХАУ-ын эрх баригчид ирэх оны эхээр эдийн засгийнхаа XV таван жилийн төлөвлөгөөгөө танилцуулах хүлээлттэй байна. Нүүрсний хэрэглээгээр дэлхийд хол тэргүүлэгч тус улс ирэх жилүүдэд нүүрснээс үйлдвэрлэх эрчим хүчээ хэрхэн бууруулах тухай тодорхой, нарийн уялдаатай замын зураглалыг шинэ таван жилийн төлөвлөгөөндөө тусгаж өгнө гэж шинжээчид үзэж байна.

    Сэргээгдэх эрчим хүчний тэсрэлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амбицтай зорилтуудаар БНХАУ дэлхийд үлгэр жишээ болж буй ч нүүрсний хэрэглээг халах нэгдсэн стратегигүй хэвээр байгааг “Global Energy Monitor” болон Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв (CREA) хамтарсан судалгаандаа онцолжээ. Нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэл, тэдгээрийн ялгаруулалтыг бууруулсан тодорхой ахиц бий ч тус улсад одоо баригдаж буй нүүрсний цахилгаан станцын төслүүдийн тоо сүүлийн 10 гаруй жилийн дээд түвшинд хүрснийг судалгаанд мөн дурдсан байна.

    unnamed.jpg

    Иймд БНХАУ-ын Засгийн газар бодлогын арга хэмжээ авахгүй л бол энэ чиг хандлага ойрын хоёр жилдээ үргэлжлэх төлөвтэй гэж дүгнэжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадалд нүүрсний цахилгаан станцын эзлэх хувь хэмжээ 51 хувь болж, сүүлийн есөн жилийн доод түвшинд хүрсэн бол сэргээгдэх эрчим хүчнийх 60 хувьд хүрч өссөн байна. Хэдий тийм боловч шатах түлшийг зөвхөн эрчим хүчний хомсдолыг нөхөх зорилгоор ашигладаг болох өмнөх амлалтууд нь бүрэн хэрэгжээгүй хэвээр байна.

    Ирэх жилүүдэд коксжих нүүрсний экспортдоо үргэлжлүүлэн найдахаар байгаа Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын шинэ таван жилийн төлөвлөгөөнд экспортын бодлогоо уялдуулах шаардлага гарч ирнэ. ӨМӨЗО-ы Хөх хотод үргэлжилж буй Монгол-Хятадын V экспогийн үеэр Монголын тал Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэх талаар таван жилийн төлөвлөгөөндөө тусгахад анхаарахыг БНХАУ-ын талаас хүссэн байна.

    БНХАУ-ын ногоон эрчим хүч, дэвшилтэт технологи зэрэг салбарын хэрэгцээнд нийцсэн өндөр чанартай гангийн үйлдвэрлэл эрчимжих төлөв нь коксжих нүүрсний эрэлтийг дэмжиж, үнийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөл бүрдүүлнэ гэсэн төсөөллийг Сангийн яам ирэх оны төсвийн төсөлдөө багтаажээ.

    Азийн Хөгжлийн Банкны Ерөнхий эдийн засагч Алберт Парк “Bloomberg TV Mongolia”-д өгсөн  ярилцлагадаа дээрх төсөөлөлтэй санал нийлж, "БНХАУ-ын цахилгаан автомашин, цэнэг хураагуур, нарны эрчим хүч зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлд өөр төрлийн ган хэрэглэх шаардлагатай байдаг тул энэ нь Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний эрэлтэд эергээр нөлөөлөх боломжтой" хэмээсэн юм.

    Cэтгэгдэл бичих