
Зургийг: Na Bian/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын тоглоом үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн Гүйцэтгэх захирал Ван Нин энэ онд борлуулалтын орлого нь өмнөх төсөөллийг өлхөн давахаар байгааг танилцуулж, мөн “Labubu” хүүхэлдэйнхээ мини хувилбарыг шинээр гаргахаар төлөвлөснөө зарласны дараа тус компанийн хувьцааны ханш түүхэн дээд түвшнээ дахин шинэчиллээ.
Компанийнхаа ашгийн өсөлтийг өөрөө ч яг таг таамаглаж чадахгүй болтол борлуулалт нь өсөж буйг Ван Нин хөрөнгө оруулагчдадаа онцолжээ.
“Pop Mart”-ийн гадаад зах зээлээс олсон орлого оны эхний хагас жилд 440 хувиар өсөж, 5.6 тэрбум юань хүрсэн байна. Сүүлийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханш Хонконгийн биржид 11 хүртэлх хувиар өсөж, 310.6 хонконг доллар хүрсэн нь 2020 онд IPO хийснээс нь хойших дээд түвшин аж.
Тус компани Ойрх Дорнод, Төв Европ, Төв ба Өмнөд Америкийн зах зээлд борлуулалтаа өсгөхөөр төлөвлөөд байгаа аж. АНУ-ын зах зээлд 40 дэлгүүртэй болсон “Pop Mart” энэ оны эцэс гэхэд нэмж 10 дэлгүүр нээж ойрын хоёр жилд хүрээгээ хурдтай тэлэхээ онцолж байна.