
Зургийг: entreeresourcesltd.com
“Entrée Resources” компани 2025 оны эхний хагаст 1.3 сая ам.долларын үйл ажиллагааны алдагдалтай ажилласнаа тайлагналаа. Өнгөрсөн оны эхний хагаст хоёр сая ам.доллар байсан алдагдал буурсан нь “Оюу Толгой” ХХК, “Rio Tinto”-той хийсэн арбитрын маргаан нь дууссантай холбоотой байна.
Үйл ажиллагааны хувьд компанийн Оюутолгойн бүлэг орд дахь эзэмшил бүхий лицензтэй холбоотой асуудлууд үргэлжилж байгаа юм. Монголын Татварын ерөнхий газраас татварын үнэлгээ гаргаж өгөөгүйгээс шалтгаалан “Entrée/Оюутолгой” хамтарсан компанид "Шивээ толгой" тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ажил нь саатаад байсан. Улмаар "Шивээ толгой" тусгай зөвшөөрлийн талбайд хамаардаг Оюутолгойн “Лифт 1”, “Панель 1”-ийн гүний уурхайн хөгжүүлэлтийн ажил зогссоныг “Entrée Resources” зургаадугаар сард мэдээлж байв.
Наймдугаар сарын нэгэнд тус компани энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаа тайландаа дурдсан байна.
Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 170 дугаар тогтоолоор “Entrée Resources”-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ордод хамруулсан юм.
34 хувийн эзэмшлийн асуудлаар “Entrée Resources” Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж буй бөгөөд хуулийн дагуу эдийн засгийн үр өгөөжийг Засгийн газартай хуваалцахад бэлэн болохоо илэрхийлсэн байна.