
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл болон нүүрсний олборлолт долоодугаар сард буурсан үзүүлэлттэй гарлаа. Гол бүсүүдэд цаг агаарын нөхцөл тааруу байсан, мөн тус улсын Засгийн газар үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг багасгах арга хэмжээгээ эрчимжүүлэх болсон нь үүнд нөлөөлсөн байна.
БНХАУ-ын эдийн засагт дефляцын дарамт нэмэгдэж буй энэ үед Бээжингийн эрх баригчид дээрх салбаруудад нийлүүлэлтийг хянах, шударга өрсөлдөөнийг хангахад онцгой анхаарч буй.
Өнгөрсөн сард тус улсын гангийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар буурч, 80 сая тонн хүрээгүй аж. Энэ нь 2025 он гарснаас хойших хамгийн бага хэмжээ болсны сацуу гурав дахь сардаа дараалан буурсан үзүүлэлт болж байна.
Харин нүүрсний олборлолт нь өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар буурч, 380 сая тонноор хэмжигдлээ. Ингэснээр жил орчмын дараа олборлолтын хэмжээ нь анх удаа буурч буй ч оны эхний долоон сараар тооцвол түүхэн дээд түвшиндээ хэвээр байна.
Долоодугаар сард ерөнхийдөө БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын эрэлт багасах хандлагатай байдаг. Үүн дээр нэмэгдээд БНХАУ даяар хэт халалт, ширүүн аадар бороо зэрэг цаг агаарын таагүй нөхцөл уурхайнууд, үйлдвэрүүд, барилгын талбайн ажил саатахад нөлөөлжээ.
Зах зээлийг өргөн хүрээнд харвал ган, нүүрсний эрэлтийн гол тулгуур болсон БНХАУ-ын барилгын салбар уналттай хэвээр байна.
“Bloomberg Intelligence”-ийн тооцоолсноор өнгөрсөн онд тус улсын гангийн үйлдвэрүүдийн илүүдэл хүчин чадал 142 сая тонн байсан нь 2020 оны түвшнээс бараг дөрөв дахин өндөр үзүүлэлт юм.