
Зургийг: Fang Dongxu/VCG/Getty Images
Bloomberg -- БНХАУ-д шинэ болон хуучин орон сууцнуудын үнэ 2021 оны наймдугаар сараас хойш тасралтгүй унаж буй гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн сарын статистикаар шинэ орон сууцны үнийн уналт улам эрчимжиж, томоохон 70 хотод нь өмнөх сараасаа 0.31 хувиар буурсан нь сүүлийн есөн сарын хамгийн огцом дүн аж. Түүнчлэн энэ оны байдлаар орон сууцны төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 2020 оны Covid-19-ийн эхний "шок"-оос хойших дээд дүнгээр хумигджээ.
Зах зээлийн өөр нэг базаахгүй мэдээ гэвэл нэгэн цагт Хятадын №1 үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч асан "China Evergrande" Хонконгийн бирж дэх бүртгэлээ хасуулахаар болсон байна.
БНХАУ-ын Төрийн болон орон нутгийн захиргаа хүчээ нэгтгэж, зээлийн зөөлөн нөхцөл, хүүгийн хөнгөлөлт гээд бүхий л аргаар дэмжсэн боловч орон сууцны зах зээл нь сэхэхгүй хэвээр. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин болон Улс төрийн товчооны гишүүд тус зах зээлийн уналтыг зогсоож, тогтворжуулна гэж амлалт өгснөөс хойш бараг жил гаруйн хугацаа өнгөрчээ.
Орон сууцны үнэ цэн тогтмол муудаж буй нь БНХАУ-ын хэрэглэгчдэд дарамт болсоор байна. 2022 оны эхээр цар тахлын хорио хязгаарлалтаас анх цохилт авсан БНХАУ-ын хэрэглэгчдийн итгэлийн түвшин түүнээс хойш огт сэргээгүй. “Хуучны өгөөд шинийг авах” гэх мэт төрөөс татаас олгож иргэдийнхээ худалдан авах урмыг дээшлүүлэх хүчин чармайлтын үр дүн хангалтгүй байна. Эдийн засагтаа тавих иргэдийн хүлээлт маш дорой байгаагаас өнгөрсөн сард тус улсад зээлийн эргэн төлөлт шинээр авсан зээлийн дүнгээс давж, улмаар БНХАУ-ын арилжааны банкуудын зээл 20 жилийн дараа анх удаа агшжээ.
Үл хөдлөх хөрөнгийн захын уналт, бүтээн байгуулалтын удаашрал нь БНХАУ-д ган, цементийн эрэлтийг бууруулж, улмаар коксжих нүүрсний үнээр дамжин Монголд нөлөөлж буй. Мөн БНХАУ дотоодын сул эрэлтээс үүдэх алдагдлыг экспортоо өсгөх замаар нөхөж байгаа нь үйлдвэрлэгч орнуудын шүдний өвчин болж байна. Бусад орнууд Хятадын хямд бараа бүтээгдэхүүний асар их урсгалыг хэр удаан шингээж чадах вэ гэдэг том асуулт. АНУ-ын тарифын эрсдэлийг үл харгалзан БНХАУ-ын нийт экспорт VII сард өмнөх оны мөн үеэсээ 7.2 хувиар өссөн нь шинжээчдийг гайхшируулжээ.
Яагаад засахгүй байна вэ?
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны хувьд ердөө л хангалттай дэмжлэгийн арга хэмжээгээр орон сууцны зах зээлээ засах, эсвэл “нийгмийн хамгааллын тор”-оо өргөсгөж өрхийн хэрэглээг өдөөж болохгүй гэж үү? Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Хятадын эрх баригчдын хамгийн их анхаардаг, тиймдээ ч хурдацтай өсөж буй эдийн засгийн талбар нь дэвшилтэт технологи болсон байна. Өөр нэг шалтгаан гэвэл Хятад улс өмнөх шигээ өргөн хүрээний макро дэмжлэг, өдөөлтийн арга хэмжээ авах эдийн засгийн чадавх нь хумигдсан байж болно. Ужгирсан дефляцын улмаас БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний нэрлэсэн өсөлт өнгөрсөн улиралд 3.9 хувьтай гарсан нь 1993 онд анх тооцож эхэлснээс хойших хамгийн сул өсөлт болжээ.
Эцэст нь дурдахад эдийн засгийн шинэхэн статистикууд Бээжинд анхааруулгын дохио болсон ч дотоодын эрэлтийг сэргээх хэмжээний бодит шилжилт хийх магадлал нь тун бага байна.