
Зургийг: Brendan Smialowski/AFP/Getty Images
Bloomberg -- Аляска мужийн Анкорэйж хотод, Монголын цагаар VIII сарын 16-нд болох уулзалтаар Дональд Трамп, Владимир Путин нар Европт Дэлхийн II дайнаас хойших хамгийн олон хүний аминд хүрсэн дайныг намжааж, Вашингтон, Москвагийн хоорондын харилцааг бүлээсгэх арга зам эрэлхийлэх юм.
В.Путин юу гэв?
Аляскаг зорихын өмнө В.Путин Д.Трампын хүчин чармайлтыг магтаж саймширсан өнгө аяс илэрхийлж байлаа. Пүрэв гарагт Кремльд өндөр албан тушаалтнуудтай хийсэн уулзалтаараа тэрбээр АНУ Украин дахь тулалдааныг зогсоохоор “өндөр идэвхтэй, чин сэтгэлийн хичээл зүтгэл гаргаж байна” хэмээн сайшаасан байна. Мөн АНУ-тай зэвсгийн хяналтын шинэ гэрээ байгуулахаар ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, энэ асуудалд хэлэлцээрт хүрснээр “хоёр улсын хооронд төдийгүй Европ, дэлхий даяар урт хугацааны энх тайван үүсэх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой” хэмээн нэмж дурджээ.
Д.Трамп юу гэв?
Харин “Энх тайвныг цогцлоогч” хэмээн өөрийгөө өргөмжлөх дуртай Дональд Трампын хувьд энэ уулзалтаас өмнө нь түүний амлаж байсан шиг дайныг шууд зогсоох хэмжээний үр дүн хүлээх хэрэггүй гэсэн мессеж өгч байна. Пүрэв гарагт өгсөн ярилцлагадаа тэрбээр Путинтэй хийх уулзалтын зорилго нь “тандах, нөхцөл байдлыг мэдрэх явдал” бөгөөд “амжилтад хүрэхгүй байх магадлал 25 хувь” гэж таамаглаж байгаагаа хэлжээ.
Мөн энэ удаагийн уулзалт нь илүү чухал хоёр дахь уулзалтын суурийг тавина гэж үзэж байгаагаа Д.Трамп дахин бататгасан. Хоёр дахь уулзалтад Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг оролцуулна гэдгээ тэрбээр амлаж буй. Харин В.Путинд хатуу өнгө аясаар хандаж, хэрэв гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол “маш хатуу үр дагавар амсуулахад бэлэн” хэмээн анхааруулсан юм.
Украин, Европын айдас
Уулзалтыг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг оролцуулахгүй хийхээр зарласан нь Киевийн холбоотнуудыг багагүй түгшээсэн. Тохиролцоонд хүрэхийн тулд газар нутаг солилцож таарна гэдгийг Д.Трамп мэдэгдээд байсан тул уулзалтаар В.Путины санал болгосон нэг талдаа хэт ашигтай энх тайвны нөхцөлийг зөвшөөрч, тивийн аюулгүй байдлыг улам сулруулах вий гэдэгт барууны орнууд санаа зовниж байлаа. Харин Д.Трамп уулзалтаар газар нутаг солилцох талаар хэлэлцээ хийхгүй, мөн В.Путиныг Украины удирдагчтай уулзуулахаар шахалт үзүүлнэ гэж лхагва гарагт холбоотнуудтайгаа утсаар ярихдаа амласан байна.
Зөвхөн дайн биш
Баасан гарагийн уулзалтын гол сэдэв нь дайн байх ч төрийн тэргүүнүүд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мөн хэлэлцэнэ гэж Кремлийн гадаад бодлогын ахлах зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ. Энх тайван тогтоосны үр дүнд Орос, АНУ-ын эдийн засгийн харилцааг сэргээх санааг Д.Трамп цухуйлгасаар ирсний сацуу бусад улсуудын зөрчлийг зогсоохын тулд худалдаа, тарифыг зэвсэг болгон ашиглах чадвараа тэрбээр байнга магтдаг.
ОХУ-ын уулзалтын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нараас гадна Сангийн сайд Антон Силуанов, олон улсын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн төлөөлөгч Кирилл Дмитриев нар багтжээ.
Эцэст нь…
Цэргийн хүч нь Украинд давшилтаа үргэлжүүлж буй энэ үед Владимир Путин дайнд ялах итгэл дүүрэн Аляскаг зорьж байна. Москвагийн зүгээс гал зогсоох, зогсоох, урт хугацааны энхийн хэлэлцээр эхлүүлэхийн нөхцөл болгон Украиныг Донбассын бүс нутгаа бүхэлд нь, мөн 2014 онд хүчээр өөртөө нэгтгэсэн Крымийг өгөхийг шаардаж байгаа юм.