
Li Lin/China News Service/Getty Images
Bloomberg -- Тус станц нь хүчин чадлын хувьд өнөө цагийн ногоон эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болох Гурван Хавцлын далангаас хол давахын сацуу өртгийн хувьд Олон Улсын Сансрын Станцаас ч үнэтэй байх юм.
Төвөдийн уулсын дунд байрлах энэхүү нүсэр төсөлд 1.2 их наяд юань буюу 167 тэрбум ам.долларын хөрөнгө, дор хаяж 10 жилийн хугацаа зарцуулагдах тооцоо гарсан бөгөөд ашиглалтад орсноор Хятадын цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг даацтай түвшинд нэмэгдүүлнэ. Хэдий тийм боловч байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл, хөрш Энэтхэг улстай харилцаа нь хурцдах эрсдэл зэрэг маргаантай асуудлууд бас дагуулахаар байна.
УЦС-ыг хэрхэн барих вэ?
Төвөдийн Өөртөө засах орны зүүн өмнөд хэсэгт орших Ньинчи хотын ойролцоо, Төвөдийн өндөрлөгийн мөсөн голуудаас эх авдаг томоохон мөрнүүдийн нэг болох Ярлүнг Цангпо дээр баригдах тус станц нь бүтцийн хувьд таван шатлалт далангаас бүрдэх аж.
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Циан өнгөрсөн сарын 19-нд станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлсэн. “Xinhua” агентлагийн мэдээлснээр шинээр байгуулагдсан “China Yajiang Group” хэмээх компани төслийн хөгжүүлэлтийг удирдаж ажиллахаар болжээ. Одоогоор төслийн санхүүжилтийг хэрхэн шийдэх нь тодорхой бус байгаа ч Хятад улс томоохон дэд бүтцийн төслүүдийг төрийн дэмжлэгтэй зээлээр санхүүжүүлж, ашиглалтад орсны дараах орлогоос нь эргэн төлөлт авдаг олон жилийн туршлагатай.
Төслийн нөлөө хэр том байх вэ?
Тус станц нийтдээ 70 гВт эрчим хүч, жилд 300 тэрбум кВт/ц цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцоолж буй. Энэ нь Гурван хавцлын далангийнхаас гурав дахин өндөр, бүхэл бүтэн Польш улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлаас илүү гэсэн үг бөгөөд ашиглалтад орохдоо дэлхийн хамгийн том ногоон эрчим хүчний эх үүсвэр болох нь тодорхой юм.
Төрийн өмчит “Enterprise Observation News”-ийн онцолсноор уг төсөл шатах түлшнээс үйлдвэрлэх асар их эрчим хүчийг орлож, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийн зөрүүгээ тэглэх зорилт тавьсан Хятад улсын CO2-ын ялгарлын хэмжээг жил бүр 300 сая тонноор бууруулахад нөлөөлөх аж. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сунжирсан хямрал үргэлжилж буй энэ үед тус улсад ган, цемент зэрэг материалын эрэлт сэргэх, ажиллах хүчний эрэлт нэмэгдэхэд дэм болох төлөвтэй.
Төслийн бүтээн байгуулалт эхэлсэн нь барилгын материал, металлын зах зээлийг хөдөлгөж, долоодугаар сарын сүүлээр ган болон коксны фьючерс ханш огцом өсөхөд нөлөөлсөн юм. Улмаар энэ оны турш уналттай байсан коксжих нүүрсний эрэлт болон үнэ хурдацтай сэргэхэд түлхэц болжээ.
Төслийг ямар сорилт, маргаан хүлээж байна вэ?
Шинэ УЦС-ын далан нь Хималайн нурууны газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд баригдана. Томоохон усан сан болон хиймэл нуур нь тухайн газар орны төрх байдлыг өөрчилж, цаашлаад газар хөдлөлтийн эрсдэлийг нэмэгдүүлэх хэмжээнд нөлөөлөх магадлалтай байдаг. Тиймээс төслийн ажилд оролцож буй эрдэмтэд, инженерүүд хүчтэй чичирхийллийн үед сүйрэл дагуулахгүй байхаар тэсвэртэй, өндөр түвшний нарийн тооцоолол бүхий бүтээн байгуулалт хийх шаардлагатай болно.
Үүнээс гадна даланг барьснаар Хятадын биологийн төрөл зүйлийн хамгийн баялаг нутгуудын нэгд тооцогддог Ярлүнг Цангпогийн хавцлын байгалийн нөөц газарт нөхөж болшгүй хохирол учирна гэж Хятадын байгаль хамгаалагчид анхааруулж буй. Мөн Ярлүнг Цангпо буюу Брахмапутра мөрөн нь зүүн хойд Энэтхэгийн нутгаар урсдаг тул УЦС олон сая хүний амьжиргаанд сөргөөр нөлөөлнө хэмээн Энэтхэгийн албан тушаалтнууд санаа зовнилоо илэрхийлсээр ирсэн юм.