
Bloomberg -- XIV Далай лам Данзанжамцтай хийсэн уулзалтынх нь хариуд БНХАУ-ын тал БНЧУ-ын Ерөнхийлөгч Петр Павелтай харилцаагаа таслах болсноо мэдэгдсэнээр хоёр улс хоорондын дипломат зөрчлийг улам хурцатгалаа.
Петр Павел Бээжингийн хүчтэй эсэргүүцлийг үл харгалзан долоодугаар сард Энэтхэгт хийсэн хувийн айлчлалынхаа үеэр Далай ламтай уулзжээ. Өнгөрсөн сард 90 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Далай ламтай тэрбээр зөвхөн хувийн зорилгоор уулзсаныг Чехийн Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн байна.
Төвөдийн оюун санааны удирдагч Далай ламыг БНХАУ-ын Засгийн газар "салан тусгаарлагч" гэж тодорхойлдог. Тус улсын Гадаад харилцааны Лин Жянь "Хятад улс энэ үйлдлийг эрс буруушааж, хатуу эсэргүүцэж байгаагаа Чехийн талд нухацтайгаар мэдэгдсэн болно. Петр Павелын энэхүү өдөөн хатгасан үйлдлийн ноцтой байдлыг харгалзан БНХАУ түүнтэй бүх хэлбэрийн харилцаагаа зогсоохоор шийдвэрлэлээ" хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
Төв Европын Чех улс Хятадад хүний эрхийн зөрчлүүд гарч буй талаар нээлттэй шүүмжилж ирсний сацуу Тайваньтай дипломат, бизнесийн түвшний идэвхтэй харилцаатай байдаг нь Бээжингийн дургүйцлийг удаа дараа төрүүлж байсан юм. Тухайлбал энэ оны тавдугаар сард Чехийн Гадаад харилцааны яамны сүлжээнд халдсан кибер халдлагад Хятадын Засгийн газартай холбоотой хакерууд буруутай гэж БНЧУ-ын тал мэдэгдэж байв. Харин Прага дахь БНХАУ-ын Элчин сайдын яам энэ мэдэгдлийг “нотолгоогүй” хэмээн няцаасан байна.
Чехийн зэвсэгт хүчний өндөр албан тушаалтан, NATO-гийн ахмад албан хаагч асан Петр Павел хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж байв. Тэрбээр Хятадтай эдийн засгийн харилцаагаа нягтруулахыг тууштай дэмждэг байсан Милош Земаныг залгамжилсан юм.